Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт нэгдэх хүсэлтээ Хятад улс албан ёсоор гаргав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-01 16:12:04

Бээжин /МОНЦАМЭ/. Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт /DEPA/ нэгдэх хүсэлтээ БНХАУ албан ёсоор гаргасан талаар тус улсын Худалдааны яамнаас өнөөдөр зарлалаа.


Тодруулбал, тус улсын Худалдааны сайд Ван Вэнтао БНХАУ-ыг төлөөлөн дээрх хэлэлцээрийг хадгалагч тал болох Шинэ Зеландын Худалдаа, экспортын хөгжлийн сайд О.Коннорт захидал илгээж, албан ёсоор хүсэлтээ гаргасан байна.

Ингэснээр Хятад улс цаашдаа тус хэлэлцээрийн холбогдох журмын дагуу гишүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ.


Худалдааны яамны албан ёсны сайтад дурдсанаар, DEPA-д элсэх нь БНХАУ-ын дотоодын шинэчлэлийг улам гүнзгийрүүлэх, гадаад ертөнцөд дээд зэргийн нээлттэй байх ажлыг өргөжүүлэх чиглэлтэй нийцэж байна. Мөн шинэ хөгжлийн шатанд бусад гишүүдтэй дижитал эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, инновац болон тогтвортой хөгжлийг дэмжихэд тустай байх болно гэжээ.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Их-20”-ын дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцох үеэрээ Хятад улс дижитал эдийн засгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг чухалчилж авч үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр Хятад улс DEPA-д элсэхээр шийдвэрлэснийг зарласан юм.


DEPA нь дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны дэлхий дээрх анхны олон улсын гэрээ, хэлэлцээр бөгөөд энэхүү гэрээ нь дижитал худалдааны ерөнхий дүрмийг тогтоож, талуудын хамтын ажиллагааг дэмжинэ.

Одоогоор тус гэрээний гишүүн орнуудад Сингапур, Чили, Шинэ Зеланд гэсэн орнууд байгаа ба Өмнөд Солонгос улс ч мөн нэгдэн орохыг эрмэлзэж байна.  

Холбоотой мэдээ