Гадаад худалдааг нэмэхэд Европын холбоотой хамтран ажиллах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-10 18:49:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа.


Элчин сайд энэ сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Аксель Никейзид Европын холбооноос Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Европын холбоо нь манай улсын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон эрх зүйт ёсыг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, гуравдагч хөрш юм гэдгийг онцлон тэмдэглэв.


Элчин сайд, хатагтай Аксель Никейз “Миний бие Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсоноо нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Тиймээс энэхүү үүргээ хариуцлагатай биелүүлж, хоёр талын түншлэлийг улам бэхжүүлэхийн төлөө чармайж ажиллах болно” гэлээ.


Тэрбээр Европын холбооноос худалдаа, эдийн засаг, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын Засгийн газартай 2021-2027 онд хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг үе шаттай эхлүүлэх асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын даргын хувьд уг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахыг хүсэв.


Уулзалтын үеэр хоёр тал цахим шилжилт, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл, ногоон эдийн засгийн бодлого, гадаад худалдааг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцов.


Улсын Их Хурлаас Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, ялангуяа КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд холбогдох хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг тэмдэглэж, бизнесийн тогтвортой, таатай орчныг бүрдүүлэх замаар экспортыг нэмж, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих зорилтыг хамтран хэрэгжүүлэхийн чухлыг хоёр тал онцлов.


Элчин сайд, хатагтай Аксель Никейз дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдмэл эрмэлзэлтэй байгаа энэ үед хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүч болон бусад салбарт хөрөнгө оруулалтаа нэмж буй дэлхийн улс орнуудын сайн туршлагыг Европын холбоо судлан нэвтрүүлж, хамтын ажиллагааны бодлогоо шинэ чиг хандлагатай уялдуулахын тулд уулзалт хэлэлцүүлэг хийж, хамтарсан хөтөлбөр эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ