О.Шольцын гадаад бодлого ба Орос, Хятадыг шүүмжлэгч Гадаад хэргийн сайд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-12-09 13:54:07

Лхагва гарагт Германы парламент болох Бундестаг тус улсын эвслийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа. Олаф Шольц Канцлерын тангараг өргөсөн бол Гадаад харилцааны сайдаар Орос, Хятадын талаар хатуу байр суурь баримталдаг, Ногоон намын дарга Анналена Бербок томилогдсон нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.


Шольцын удирдсан Засгийн газар Христосын ардчилсан холбоо намыг сонгуульд 4 удаа ялалтанд хүргэсэн А.Меркелийн танхимын оронд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.

9 дүгээр сарын сүүлчээр болсон Бундестагийн сонгуульд Меркель оролцоогүй бөгөөд 3 жилийн өмнө тэрбээр тэтгэвэрт гарна гэдгээ мэдэгдэж байсан билээ.



Ингэснээр А.Меркель Германы Канцлераар 16 жил, 15 хоног ажиллажээ. Хэрвээ шинэ Засгийн газар байгуулах асуудлаарх хэлэлцээ 12 хоногоор илүү сунжирсан бол тэрбээр Хельмут Колийг “гүйцэж түрүүлэн”, Германы Канцлераар ажилласан хугацааны хувьд Отто фон Бисмаркийн дараа түүхэнд бичигдэх байв.


Меркелийн сүүлчийн засгийн газарт ХАХ намтай түншилж байсан О.Шольц тэргүүтэй Социал демократ нам өнгөрсөн 9 дүгээр сард болсон парламентын сонгуульд хамгийн олон санал авсан бөгөөд Ногоон нам, Чөлөөт ардчилсан намтай хамтран эвслийн Засгийн газрыг байгуулсан юм. Энэ эвслийг гурван намын бэлгэдлийн өнгөөр “гэрлэн дохионы эвсэл” гэж нэрлэдэг.


11 дүгээр сарын сүүлчээр гурван намын удирдлага шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаарх тохиролцоонд хүрсэн бол 12 дугаар сарын 4-6-ны хооронд намууд уг эвслийн гэрээг баталсан юм. Тодруулбал, социалистууд ба чөлөөт ардчилагчид намынхаа бага хурлаар, ногоонтнууд намын бүх гишүүдийн эчнээ санал хураалтаар уг гэрээг баталлаа. Мягмар гарагт гэрээнд эцсийн байдлаар гарын үсэг зурснаар О.Шольцын Засгийн газрын бүрэлдэхүүнийг Бундестаг батлахад бэлэн болов.


Шийдмэг Анналена


Эвслийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдын албан тушаалыг Ногоон намыг хамтран даргалагч, 41 настай Анналена Бербок хашихаар болж байна. Тэрбээр уг тушаалд томилогдсон анхны эмэгтэй хүн, Германы түүхэн дэх хамгийн залуу Гадаад харилцааны сайд боллоо.


Шинэ Канцлер О.Шольц гадаад бодлогын асуудлаар тойруу маягаар болгоомжтой ярьж байгаа бол А.Бербок сонгуулиас өмнө сөрөг хүчний төлөөлөл байхдаа ч, засгийн газарт багтсан хойноо ч гэсэн Москваг эрс шүүмжилж, Хятадтай сөргөлдөх байр сууриа ил тод илэрхийлсээр байна.

“Хятад, Орос гэх мэт тоглогчид, бусад зарим улсууд “хүлээн зөвшөөрч болохуйц” гэж бидний үздэгээс өөр арга замаар өөрсдөдөө ашиг хонжоо олох гэж оролдож буйг бид эрүүл ухаанаар дүгнэж цэгнэх ёстой. Ийм ялгаатай бөгөөд өрсөлдөгч сэтгэлгээтэй тэмцэх талаар бид илүү ихээр анхаарах ёстой” гэж хэлж байсан хүн бол А.Бербок.   

 

Ер нь бол, ногоон намынхны хувьд Европын үнэт зүйлс, иргэний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл баримтлалд тулгуурласан гадаад бодлого явуулна гэж амлаж байгаа юм. А.Бербок 11 дүгээр сард DPA агентлагт өгсөн ярилцлагадаа “Мемориал” байгууллагын эсрэг Оросын эрх баригчид залхаан цээрлүүлэлт явуулж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Ийм алхам нь Орос улсыг Европын үнэт зүйлсээс улам бүр холдуулна” гэж мэдэгдэж байв. “Мемориал” гэдэг байгууллагыг Оросод “гадаадын агентын үүрэг гүйцэтгэдэг байгууллага” гэж албан ёсоор үздэг ажээ.


Сөрөг хүчний төлөөлөл байхдаа Бербок Оросын “Умардын урсгал” хий дамжуулах хоолойн хоёр дахь ээлжийг барьж буйг нэн даруй зогсоохыг Засгийн газарт уриалж байв. Харин одоо уг хоолойг нэгэнт барьчихсан үед түүнийг ашиглалтанд хүлээн авахгүй байхыг шаардаж байгаа юм.  


Харин социалистууд “Умардын урсгал-2” төслийг дэмждэг хэдий ч уг эмзэг асуудал эвслийн гэрээнд тусгагдаагүй болохыг Германы тоймчид онцлон тэмдэглэж байна. Уг төсөл Европын хуулиудад нийцэж буй эсэхийг магадлан тогтоож буй энэ үед эвслийн намууд “зөвшөөрөхгүй байхаар зөвшилцсөн” бололтой бөгөөд одоогоор уг хоолойгоор хий нийлүүлж эхлээгүй байгаа юм.


Түүнчлэн Бербок Хятадтай сөргөлдөхөд бэлэн байгаа бололтой. Меркелийн тэргүүлж байсан өмнөх Засгийн газрын хувьд Хятадтай худалдаа хийх нь ихэд таалагдаж байсан бөгөөд үүний сацуу Бээжинг хааяа хааяа зөөлнөөр шүүмжилж байв.

“Бид бол европчууд, өөрсдийгөө гутаах ёсгүй. Европ бол дэлхий дээрх хамгийн том зах зээлүүдийн нэг учраас Хятад улс манай зах зээлийг маш ихээр сонирхож байгаа. Албадан хөдөлмөр гэдэг зүйл хэвийн үзэгдэл болсон Шинжаан гэх мэт бүс нутгаас ирж буй барааг оруулахгүйгээр зах зээлээ хаах нь экспортлогч болох Хятадад томоохон бэрхшээл үүсгэнэ” гэж Бербок Берлиний Tageszeitung сонинд ярилцлага өгөхдөө хэлж байлаа.


“Меркелийн засгийн газрын үед ийм өнгө аястай үг яриаг төсөөлөхийн аргагүй байсан. Халаагаа өгч буй канцлер Меркель бол Европын Холбоо ба Хятадын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Уг гэрээ ихээхэн маргаан дагуулсны улмаас одоогоор гэрээний хэрэгжилтийг түр зогсоогоод байгаа” тухай Focus сэтгүүлд дүгнэн бичжээ. Уг нийтлэлд А.Бербок-ийг “хүйтэн дайны цэрэг” гэж нэрлэсэн байна.  


Бербокийг хазаарлаж чадах уу


Германы шинэ Засгийн газрын гадаад бодлого элдэв мэдэгдлээр тодорхойлогдох бус харин бодит байдал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдэг нь шинэ канцлер Шольц Ногоон намын даргын үйл ажиллагааг хязгаарлах бодолтой байна уу, хязгаарлаж чадах уу гэдгээс хамаарна хэмээн Германы тоймчид үзэж байна. Урьд нь А.Меркелийн үед гадаад бодлогыг канцлерын тамгын газарт боловсруулдаг байсан бөгөөд Гадаад харилцааны сайдууд бол  /хамгийн сүүлд Социал демократ намын Хайко Маас/ ердөө гүйцэтгэгчид байв.   


Ямартаа ч эвслийн Засгийн газарт багтсан гурван нам гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилтоо тодорхой болгож, гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол Европын Холбооны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах явдал юм.


Харин Ногоон намыг хамтран даргалагч Роберт Хабек эдийн засаг ба уур амьсгалын асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон нь Ногоон намынхан Германы гадаад бодлогод улам илүү нөлөөтэй болно хэмээн зарим шинжээч үзэж байна. Учир нь, эдийн засгийн харилцаа бол Европын хамгийн том экспортлогч болох Герман улсын хувьд гадаад бодлогын маш хүчтэй хэрэгсэл билээ.  

Социалистууд шинэ засгийн газарт 8 суудал /Канцлер ба Дотоод хэргийг сайдыг оролцуулаад/, ногоонтнууд ба чөлөөт ардчилагчид тус бүр 4 суудал авсны дотор Чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Линднер Сангийн сайдын албан тушаалыг хашихаар болж байна.


Германы хэвлэлүүдийн онцолж буй өөр нэг хүн бол эвслийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар томилогдсон халдвар судлаач, Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, клиник халдвар судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан профессор Лаутербах бөгөөд тэрбээр коронавирусийг дарахын тулд хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үздэг ажээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

 


 

Холбоотой мэдээ