Х.Болдбаатар: Хэрэгцээтэй газар, хэрэгтэй ажлыг хийхэд төсвийн мөнгийг зарцуулах нь хүн амын аж амьдралд тустай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-29 14:28:12

Увс /МОНЦАМЭ/Бөхмөрөн сумын цаг үеийн нөхцөл байдал болоод хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Болдбаатартай ярилцлаа.


-Энэ жил Бөхмөрөн суманд өвөлжилт хэр байна вэ?

-Бөхмөрөн сумын нийт нутгаар дулаахан, өнтэй сайхан өвөл болж байна. 2021 онд бүх шатны төрийн ажил, үйлчилгээ хэвийн явагдсан.

Бар жилийн босгон дээр Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа Бөхмөрөнчүүдээс “Монгол Улсын гавьяат” хэмээх эрхэм алдрыг 9 хүн хүртлээ. Улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эдгээр иргэд бол бидний бахархал билээ.

Жилийн эцсийн тооллогоор манай сум 146 мянган толгой малтай болж, мал сүрэг маань таван төрөлдөө өслөө. Мал аж ахуйн салбарт оруусан хувь нэмэр, хөдөлмөрөө үнэлүүлэн Хар-Алтат багийн малчин Дүгэрийн Ганболд, Сүрэнгийн Мишээл, Гурванжигэртэй багийн малчин Дүгэрийн Батдэлгэр нар “Аймгийн аварга малчин” боллоо. Мөн Хар-Алтат багийн малчин С.Отгонжаргал, О.Сосорбарам нар Аймгийн алдарт уяач, Б.Нямбаяр Аймгийн аварга хадланч боллоо.

-Өнгөрсөн онд танай суманд хийсэн бүтээн байгуулалтын ажлаас дурдвал?

-Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээвэрлэх машинтай боллоо. Мөн нийтийн халуун усны газарт засварын ажил хийсэн. Аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр Байрамын зам засвар, мөн 716 сая төгрөгөөр Гурванжигэртэй багийг өндөр хүчдэлийн шугамд холбох зураг төсвийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ талаар Эрчим хүчний яам руу саналаа явуулсан бөгөөд ирэх онд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгах чиглэлтэй байгаа.

Он дамжин шийдэгдэхгүй байгаа нэг ажлын талаар ярихгүй өнгөрч болохгүй. 2019 онд аймгийн 6 суманд мал угаалгын ванн барих, уст цэг байгуулах ажлын тендерийг Улаанбаатар хотын компани авсан ч манай суманд одоог хүртэл уг ажил хийгдээгүй байна.

-Одоогоор суманд тулгамдаж байгаа гол асуудал юу байна вэ?

-Сумын хүн эмнэлгийн барилгын өргөтгөл барьсан ч дотоод тохижилт, тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ асуудлыг аймгийн ИТХ-аар санал оруулж 50 сая төгрөг улсын төсөвт суулгалаа. Ингэснээр эмнэлэгт ор, шкаб, ширээ сандал, бусад хэрэгцээт зүйлсийг нийлүүлэх боломжтой болсон.

“Дижитал-Увс” хөтөлбөрийн хүрээнд сумын хэмжээний бүх албан байгууллагыг хамарсан дата бааз үүсгэнэ. Том зургаар нь харвал тус хөтөлбөрийн хүрээнд тодорхой санхүүжилт хийнэ гэж ойлгож болно. Тэрчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн байр барина. Бас нэг шийдэх ажил гэвэл сумын ЕБС-ийн хичээлийн байрны дээврээс ус гоождог, өвөлдөө хүйтэн, цонх, хаалга эвдрэлтэй гээд дотоод орчин хүндрэлтэй байна. Нэг ёсондоо тус барилгын насжилт дууссан, сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Иймд шинэ сургууль, дотуур байр барихаар төлөвлөсөн. Эхний шатанд стандартын дагуу зураг төсвийн ажлыг хийлгэхээр холбогдох байгууллагуудтай ярилцлаа. Хүүхдийн сурах орчныг сайжруулах, хөгжих боломжийг бүрдүүлэх нь маш чухал. Мөн сургуулийн барилгаас гадна суманд хуучны барилгууд олон байна. Засвар хийгээд ч нэмэргүй болсон барилга ч бий. Соёлын төвийн барилга гэхэд аж ахуйн аргаар барьсан. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, соён гэгээрлийн газар гэдэг утгаараа соёлын төвийн барилга тохилог, стандартын дагуу байх шаардлагатай. Иймээс энэ талаар саналаа хэлээд, асуудлыг шийдэх чиглэлд ажиллаж байна.

-Төсвийн мөнгийг ариг гамтай зарцуулах талаар ямар бодолтой явдаг вэ?

-Цар тахлын хүнд үед улсын төсөв таналттай байна. Энэ үед төсөвлөсөн мөнгийг чамлахгүйгээр хэрэгцээтэй зүйлд нь зарцуулах хэрэгтэй. Төрийн ажлыг хийхэд мөнгөнөөс илүү сэтгэлтэй байх нь чухал төдийгүй аливаа ажлыг уялдаа холбоотой, бүтээлчээр зохион байгуулж чадвал асуудлыг шийдэх гарц байдаг. Миний хувьд Бөхмөрөнчүүдийнхээ итгэлээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурлаар хэлэлцэх асуудалд саналаа тусгах, иргэдийнхээ саналыг шат шатанд уламжлах зэргээр хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Ер нь сумдад томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ч зарим тохиолдолд хэрэгцээ шаардлагад нь нийцэж байгаа эсэх дээр ярих зүйл бий. Бөхмөрөн сум төвөөсөө зайдуу учир хүүхдүүд сумандаа суурин байдлаар сургуульд хамрагдаж байна. Харин хүчин чадал бүхий дотуур байр, сургууль хэрэгтэй байгаа. Гэтэл их хэмжээний төсвөөр аймгийн төвд ойрхон суманд том сургууль, дотуур байр барих зэргээр төсвийн мөнгийг ариг гамгүй зарцуулж байна. Хэрэгцээтэй газар, хэрэгтэй ажлыг хийхэд төсвийн мөнгийг зарцуулах нь хүн амын аж амьдралд тустай шүү дээ.

Бөхмөрөн суманд дэлхийн болон Монгол Улсын улаан номд орсон ан амьтад, жигүүртэн шувууд элбэг бий. Тухайлбал хар сүүлт, аргаль, янгир, буга зэрэг ан амьтан элбэг байдаг. Жил тутамд агнуураас тодорхой орлого олдог. Өнгөрсөн жил аргалийн агнуураас 200 сая төгрөг давсан ба хуулийн дагуу 100 сая төгрөг нь сумын байгаль хамгаалах санд төвлөрөх ёстой. Эргээд биотехникийн арга хэмжээ авах зэргээр үлдсэн амьтдыг хамгаалахад зарцуулах нь чухал. Мөн ховордсон хар сүүлтийн тоо толгой өсөж байна. Иймд уг ажилд сэтгэлээ чилээж байгаа нөхөрлөлүүдийг дэмжих хэрэгтэй байгаа.

Мөн Хотгорын уурхайд шаталт үүссэн гэх асуудал жил тутамд яригдаж, иргэдийн гомдол тасрахгүй байна. Тухайн үед ажлын хэсэг ажиллаж, арга хэмжээ авдаг ч төд удалгүй дахин ийм байдал үүсдэг. Энэ асуудалд дорвитой арга хэмжээ авах, шаталт үүсэх гол шалтгааныг судлах, оновчтой шийдэх хэрэгтэй байна. Байгалийн баялгийг ашиглаж байгаа бол тухайн компани сэтгэл гаргаад асуудлаа шийдэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

ар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн баярын мэндийг нутгийн зон олондоо болон нийт Увсчууддаа өргөн дэвшүүлье. Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, сар шинийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалах байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ