Д.Одонсамбуу: Аялал жуулчлалын үйлчилгээг төрөлжүүлэх чиглэл барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-16 17:02:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан юм. Энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулах талаар Рашаант сумын Засаг даргын орлогч Д.Одонсамбуугаас тодрууллаа.

- Манай сумын эдийн засгийн нэг гол тулгуур аялал жуулчлалын салбар. Хөгнө хан уул, Элсэн тасархай дагасан аялал жуулчлалын бүсэд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас томоохон аж ахуйн нэгж ажиллаагүй ч орон нутгийн иргэд нүүдлийн соёл, ахуйгаа сурталчлах, тэмээ морь унуулах зэргээр үйлчилгээ үзүүлсэн. Манай сумын 50 гаруй өрх аялал жуулчлалын байнгын үйл ажиллагаа явуулж байна.

- “Аялал жуулчлалыг дэмжих жил”-д ямар ажил зохион байгуулж байна вэ?

- Энэ оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан сумандаа аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Аялагч, жуулчдад тэмээ, морь унуулахаас гадна түр буудаллах болон гэр аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор төвлөрсөн отог байгуулах, соёлын үйлдвэрлэл, ардын урлаг өв уламжлалыг сурталчлан ажил хийж байна. Мөн гадаадын жуулчин болон дотоодын иргэдийг аялал жуулчлалын үйлчилгээгээр татах талаар бүх байгууллагатай гэрээ байгууллаа. Ялангуяа соёлын төв, сургууль, цэцэрлэгийн байгууллагатай тодорхой чиглэлээр жилийн ажлыг зохион байгуулахаар чиглэл өгсөн. Малчдын хувьд монгол ахуйгаа сурталчлах, өв соёл, язгуур урлагаа сонирхуулах, зарим нь тоног хэрэглэл сурталчлах, нөгөө айл нь гарын бэлэг, сувинер гаргах зэргээр төрөлжүүлсэн байдлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна.

Манай сумын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг есөн аж ахуйн нэгж цар тахлын улмаас үйлчилгээ явуулаагүй хоёр жил болсон. Энэ жил менежментээ өөрчилж, жуулчид, аялагчдын сэтгэлд нийцсэн үйлчилгээ явуулахаар бэлтгэл хангаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газар ирэх сарын  эхээр аялал жуулчлалын зөвлөлгөөн хийхээр зорьж байна.

Холбоотой мэдээ