Төрийн бус байгууллага, холбоод 9600 мод тарив

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-05-22 14:28:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний өдөр аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан спортын 18 холбоо, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, "Нарны танго" бүжгийн хамтлаг, "Говийн хөгжил-Наран" ТББ-ын оролцооны бүлгийн гишүүд хамтран 9600 ширхэг мод тарьж, “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулья” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүх нийтээр мод тарих хөдөлгөөн амралтын энэ өдрүүдэд идэвхтэй өрнөж байна.

Тодруулбал, энэ өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 4 хэсэгт хайлаас, улиас, шар хуайс, гүйлс, буйлс гэсэн 5 төрлийн 9600 гаруй мод, Сайнцагаан сумын "Арвижих" төглийг сэргээх, хамгаалсан ойн зурвас байгуулах зорилгоор сумын ЗДТГ,  төвийн 5 сургууль, 8 цэцэрлэгийн албан хаагчид, Цагдаагийн газартай хамтран гурван га газарт 3600 ширхэг улиас, хайлаас тариад байна.

ТББ-уудын мод тарих ажилд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, БТСГ-аас ерөнхий зохион байгуулалтыг хариуцан, ОБГ, Дундговь-Ус ОНӨҮГ хамтран усалгааг хийжээ.

Тус үйл ажиллагаанд холбоодын гишүүд, дугулангийн сурагчид, залуучууд, ахмадууд гээд бүх насныхан идэвхийлэн оролцсон бөгөөд цаашид 3 жилийн турш дээрх байгууллагууд хариуцсан талбайдаа усалгаа, арчилгаа хийж, ургуулах үүрэг хүлээж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ