ЦАГ АГААР: Баяр наадмын буюу 7 дугаар сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-07-01 16:51:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 7 дугаар   сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор ОЖД утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлдэг.  


                                                    7 дугаар сард ажиглагдсан цас 


Монгол орны хэмжээнд 1975–2021 оны 7 дугаар сард цас ажиглагдсан тохиолдлын тооны явц болон орон зайн тархалтыг  тус тус  гаэргажээ. Тохиолдлын тоог тооцоолохдоо тухайн жилийн 7 дугаар сард цас ажиглагдсан тохиолдлыг станцын тоо болон орсон давтамжийн нийлбэрээр илэрхийлсэн гэж цаг уурын байгууллагаас 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд онцолсон байх юм.


Харьцангуй их цас 1985–1995 онуудын хооронд ажиглагдажээ. Тухайн үед Буянт–Ухаа орчимд  хамгийн их цас орсон тохиолдол ажиглагдсан  байх юм. Баян–Өлгийн Өлгий, Завханы Цэцэн–Уул, Тосонцэнгэл, Говь–Алтайн Алтай, Өмнөговийн Ханбогд, Дундговийн Сайхан–Овоо, Дорноговийн Хөвсгөл, Сүхбаатарын Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Төв аймгийн Мааньт болон Улаанбаатар хот орчмоор 3–6 удаа, бусад нутгаар 1–2 удаа тус тус цас ажиглагдсан байна. Харин  2014 оноос хойш 7 дугаар сард цас ажиглагдаагүй байна. 

 

                                                     Уур  амьсгалын тойм


Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 7 дугаар сарын дундаж агаарын температур ОЖД–аар 8...14 хэм, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26 хэм байсан байна.


Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг болон Архангайн ихэнх нутгаар сарын нийлбэр хур бороо ОЖД–аар 70–100 мм. Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0–30 мм унасан аж. Бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна 


Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур бороо орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1980–1981, 2000–2001, 2007, 2014, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага  бороо (хур тунадас)  орж хуурайшилт ихтэй байсан. Харин 1990, 1997–1998, 2003, 2006, 2012, 2018, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо (хур тунадас)   орсныг тэмдэглэжээ . 


                                                      Бүс нутгийн төлөв  


Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.


Баруун аймгуудын нутгаар.  Увсын нутаг, Завханы хойд, Ховдын зүүн хойд хэсгээр агаарын дундаж температур ОЖД–ийн орчим. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу хур бороо орно гэжээ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төвийн ихэнх хэсгээр агаарын дундаж температур ОЖД–ийн орчим. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД– аас 1–2 хэмээр дулаан байх аж. Нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн баруун хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр хүйтэн байна. Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу хур бороо орно. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар. Хэнтийн ихэнх нутгаар агаарын дундаж температур ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байх юм. Харин нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ОЖД–аас 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй. Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД – ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур бороо орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


Говийн аймгуудын нутгаар.  Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байх юм. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ОЖД–аас 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. Өмнөговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн өмнөд болон хойд хэсгээр ОЖД–аас ахиу хур бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ гэжээ.


                                                         Зөвлөмж


Зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур 7 дугаар сард   ОЖД–аас дулаан, хур бороо ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүст үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулсан өгсөн байна.

Холбоотой мэдээ