ЗАВХАН: Зуншлага тааруу байсан учраас малыг эдийн засгийн эргэлтэд оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 2022-2023 оны мал
аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг аймгийн ХХААГ-аас
сэтгүүлчдэд өглөө.
-2022-2023 оны мал аж ахуйн өвөлжилт,
хаваржилтын бэлтгэл ажлыг ид хийж байна. Аймгийн хэмжээнд малчид 12.5 мянган
тонн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн. Харин улсын төсвөөр аймаг болон сумд
Засгийн газрын 2022 оны 277-р тогтоолын дагуу аймгийн нөөцөд 150 тн өвс, 50 тн
тэжээл бэлтгэнэ. Харин сум тус бүр 80 тн өвс, 30 тн тэжээлийг бэлтгэнэ. Өвс
тэжээлийн татан авалт, хадлангийн нөөцийн мэдээлэл эцэслэгдэн гараагүй байгаа.
Өнөөдрийн
байдлаар аймгийн хэмжээнд нийт 535
худаг, усан сан тоологдсон. 12639
малын хашаа тоологдсоноос саравчтай хашаа 47.10 хувь, саравчгүй хашаа 26.70
хувь, дулаан байр 26.20 хувийг нь эзэлж байна. Харин малчдын өөрийн эзэмшлийн 193
худаг усан сан, дундын эзэмшлийн 3432 худаг усан сан байгаа. 1519.3 мянган
хээлтэгч тоологдсон нь өнгөрсөн оноос 61.7 хувь буюу 4.2 мянгаар нэмэгджээ. Хагас
жилийн байдлаар 1358.7 мянган мал төллөж 1337.1 мянган төл бойжиж байна. 8701
мянган том мал зүй бусаар хорогджээ. Аймгийн хэмжээнд нийт 13869 малчин мал аж
ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байна. Үүнээс 9779 малчин өрх, 4080
мал бүхий өрх байна. Энэ жил аймгийн хэмжээнд урьдчилсан тооцооллоор 4054.5
мянган толгой мал өвөлжиж, хаваржих төлөвлөгөөтэй байна гэв.
Төсвийн хөрөнгөөр хийх худгийн ажлууд
хийгдээгүй гэв
Энэ жилийн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын
бэлтгэл ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлсэн.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд аймгийн малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, 24 сумын 200 малчин, мал бүхий иргэдэд 2022-2023 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын мэдээллийг өгсөн. Мөн зөвлөгөөнөөр малчдаас өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын тоон судалгаа, санал хүсэлтийг авсан байгаа. Тавдугаар сарын 10-16-ны өдрүүдэд аймгийн зургаан сум малчдынхаа зөвлөгөөнийг хийж бэлчээр хамгаалах, малын тэжээл тариалах төлөвлөгөөг гаргаж амжилттай ажилласан. Түдэвтэй, Баянтэс, Отгон, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сум өөрийн төсөв, хөрөнгөөр нийт 317 хүн хүчний бүрэлдэхүүнтэйгээр 5517 га талбайд бэлчээр хамгаалах хаврын ажлыг зохион байгуулсан нь үр дүнтэй байв.
Харин аймгийн
хөгжлийн төлөвлөгөөнд аймгийн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхээр 100 сая төгрөгийн хөрөнгө тусгагдаж тендер
зарлагдсан байна. Мөн онд орон нутгийн хөрөнгөөр гурван худаг, улсын төсвийн хөрөнгөөр таван худаг, нийт найман худаг
гаргахаар төлөвлөсөн. Үүнээс гурван худгийн тендер зарлагдаж гүйцэтгэгч
тодроогүй байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй
холбогдуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх таван худаг гаргах ажил
түр хойшилсон. Гэсэн хэдий ч аймгийн хэмжээнд мал аж ахуйн худаг, усны
хангалт сайн байгаа гэв.
Аймаг дундын отрын
бүсэд өвөлжих малын тоон судалгааг хийж байна
Энэ жил Завхан аймгийн
нийт нутгийн 20
орчим хувьд зуншлагын байдал сайн, бусад нутагт дунд гэсэн үнэлгээтэй байв.
Нийт нутгаар дөрвөөс
зургаадугаар сард хур тунадас багатай, халуун хуурай салхитай. Агаар болон хөрсөнд хэт халалт ихтэй байсны улмаас бэлчээрийн ургамлын
ургалтын байдал удаашралттай, үе шат бүрэн илрэхгүй. Ургамлын өндөр болон
ургацын хэмжээ төдийлэн нэмэгдэхгүй, ихэнх ургамал
хатаж гэмтсэн байна.
Нийт нутгийн 20 орчим хувьд
зуншлагын байдал сайн байсан. Тиймээс мал аж
ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилд эртнээс анхаарах шаардлагатайг Цаг
уур орчны шинжилгээний газраас өгсөн.
Үүний дагуу өвөлжилт, хаваржилтын бэлтгэл
ажлын төлөвлөгөөнд тухай бүр нь тодотгол хийж 24 суманд мэдээллийг хүргэж
ажилласан. Багахайрханы аймаг дундын отрын бүс нутаг нь 68.3 мянган га талбайтай, талбайн хэмжээгээрээ улсын хэмжээний
отрын бүс нутгийн тавдугаарт
ордог. Жил бүр энд 7-9 сумын 60-100 мянган толгой мал отроор өвөлждөг. Энэ жилийн тухайд отроор
өвөлжих сум, малын тоо, нэр бүрэн гараагүй байна. 2022-2023 оны мал аж ахуйн
өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд холбогдох яам, тамгын газарт санал
хүсэлт хүргүүлсэн. Тухайлбал, зуншлага гантай, гандуу байгаа тул малыг эдийн
засгийн эргэлтэд оруулж, малын тоо толгойг цөөлөхөд хамтран ажиллах. Улсын
нөөцөд өвс, тэжээл бэлтгэх асуудлыг шийдвэрлэх, Архангай, Хөвсгөл, Баянхонгор
зэрэг аймгуудад отроор мал өвөлжүүлэх гэрээ хэлэлцээр хийх ажлыг зохион
байгуулахыг холбогдох газруудад хүргүүлээд байна гэв.