ДУНДГОВЬ: Х.Цэрэнчимэд: Ховордсон энэ их өв соёлоо хамгаалж, үлдээхийн төлөө хүн бүр анхаарч, хичээх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-13 17:33:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Үлгэрийн танхимын Цэрэнчимэд” гэхээр монголчууд андахгүй. Гэхдээ түүнийг өнөөдөр хүүхэд залуучуудад өв соёлоо зааж, сургаж, тэдний авьяас чадварыг хөгжүүлж, нутагтаа ажиллаж, амьдарч буйг төдийлөн олон хүн мэдэхгүй байж болох.


Түүний хийж буй ажил үйл, сүүлийн жилүүдэд сэргэж буй өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж яваа нь ихээхэн сонирхол татаж, хийж бүтээсэн, цаашдаа хийх үйлийг нь түгээх хүсэл төрсэн юм.


Монгол Улсын Гавьяат жүжигчин, туульч, ерөөлч, магтаалч Халтарын Цэрэнчимэд одоо Дундговь аймгийн Сайнцагаан суманд даруухан амьдарч, Алдарт гавьяат, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт багшаар ажиллан, язгуур урлагийг хөгжүүлэн, ирээдүйн туульч, ерөөлч, магтаалч нарыг бэлтгэхэд хүч хөдөлмөр, сэтгэл, оюунаа зориулж явна.


Намайг “Үлгэрийн танхимын Цэрэнчимэд л гэдэг юм шүү дээ” хэмээн даруухан инээмсэглэх түүний “уран бүтээлч” болсон амьдралын замнал сонирхолтой.  


Х.Цэрэнчимэд нь 1942 онд Дундговь аймгийн Луус сумын ”Хөх овоон сүүж” хэмээх газар төрж,  бага наснаасаа мал маллаж үлгэр тууль сонсож өсжээ. Түүний эмээгийн нь эгч Хөнхөр тууль хайлдаг хүн байсан бөгөөд эмээ ээж Халтар нь түүнд тагнайн исгэрээ зааж өгчээ. Мөн ээж Аюур нь уртын дуу сайхан дуулдаг хүн байсан гэдэг.


Тэрээр бүрэн бус дунд сургууль төгсөж, 1957 онд 15 настай жаахан охин арьс өнгөний больницод асрагчаар орж ажиллаад нэг жилийн дараа 1958 онд  буюу аймгийн Соёлын ордонд жүжигчин, бүжигчнээр ажилласнаар түүний уран бүтээлч болох замнал эхэлжээ.


Х.Цэрэнчимэд: 16 настай байхдаа сургуулиа орхиод л аймгийн Соёлын ордонд анх орсон. Дээдчүүлийн үе байлаа шүү дээ, Дагийранз, Цээдорж, Даринчулуун гээд л алдартнуудтай ажиллаж эхэлсэн. Анх ороход Гомбо багш маань намайг бүжигчнээр авсан. Тэр үед Соёлын ордон гэдэг чинь цөөхүүл, 12 хүнтэй байсан юм.

Тэгээд бүгдээрээ бүх л юмыг хийдэг, чаддаг байх ёстой болсон. Дуучин, бүжигчин, жүжигчин гээд л бүгдийг хийнэ. Харин тэр үед хөгжимчин байгаагүй юм би. Тэгээд л хуучир сурья гээд хичээж, түүгээрээ л одоо амьдарч, хуучраа бариад л явж байгаа хүн дээ би. Тэр үед найруулагч маань Цэрэнпил, бүжгийн багш Гомбо гэж хүн байсан. Харин хөгжмийн багш бол Дашдондог гэж хүн байлаа. Би тэр хүний үед хөгжимчин болоогүй ээ. Миний анхны багш бол Чойсүрэн гэж хүн байсан. Ер нь хуучир хөгжим бол “дуу сайхангүй л дээ, би хамгийн сайхан дуутай болгох гээд өдий хүртэл хичээж яваа. Одоо аймагтаа ирээд хүүхдүүдэд зааж сургаж явна даа.


1958 оноос Х.Цэрэнчимэд Дундговь аймгийн соёлын ордонд ажиллаж байхдаа бүжгийн багш З.Магванжав, О.Гомбо, Дашзэвгэ, Мандах нарын  удирдлага дор ажиллаж, Алтан хүрээцэх, Яманцах, Бэлчээр дээр, Шээзгийч, Алтан тариа, Тогооч зэрэг монгол, солонгос, украин 20 гаруй  бүжгийн гоцлол болон хамтарсан хэсэгт оролцжээ.

1958-1974 онд Дундговь аймагт 12, Дорноговь аймагт 4 жил ажилласан тэрээр говийн хоёр аймагт ажиллаж байхдаа хөгжмийн багш Жигмэд, Чойсүрэн, Банзрагч нарт шавь орж хуучир, шудрага, саксофон хөгжим сурч, гоцлол болон хамтарсан тоглолтод байнга оролцож байсан байна. Хуучир хөгжмөөр “Талын зэрэглээ”, “Атрын өглөө”, “Өөш манхан”, “Жаргалын вальс”, “Талын жавхаа”, “Ямаахай”, “Өглөө”, “Гургалдай”, “Харц хатан” жүжгийн хөгжим, Кармен дуурийн хэсэг зэрэг гоцлол ба гадаадын сонгодог хөгжмийг Хуучиртай тоглосон ба нийтдээ 80 гаруй дууг гоцлон тогложээ.


Х.Цэрэнчимэд: Дундговийн Соёлын ордонд байхдаа хуучир муухан тоглож сурсан. Нэг жижиг хуучиртай, “Төлийн магтаал” хэлдэг л байсан. Харин Дорноговьд очоод Банзрагч багш маань “За даа хөгжимчин мундахгүй, дуучин мундахгүй, бүжигчин ч мундахгүй, чи ер нь хүний хийдэггүйг л хий” гэсэн. Тэгээд том түнтийсэн хоёр утастай хуучир хийж өгөөд, Дорноговийн магтаал анх хэлүүлж эхэлсэн. Дүндгээ гэж шанз солгой дарж, магтаал хэлдэг эмэгтэй байсан даа. Түүнээс л санаа авч “эмэгтэй хүн магтаал хэлэх зүгээр юм байна” гэж бодсон хэрэг байх даа. Тэгээд багшийнхаа үгэнд ороод,  түүнээс хойш л магтаал хэлдэг болсон доо.


Дундговь, Дорноговь аймгийн Соёлын ордонд ажиллаж байхдаа тэрээр гуч гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглож дуулсан байна. Тухайлбал, гоцлол болон бусад жүжигчидтэйгээ хамтарсан хоршил хэлбэрээр “ Амраг чи минь “, “ Цомбон туурайтай хүрэн”, “ Ар хөвч”, “Ганган хар”,” Жороо баахан улаан “,”Өнчин цагаан ботго”,” Хонгор морь”,” Жийжүү хот”,” Жонон хонгор”,” Хошингоо”,” Цагаан шаазан”,” Хулжаа зээрд”,” Чандмань талын тариалан”,” Данаабал”,” Хээр хоносон сар”,” Борооны үүл”,” Өвлийн улирал”,” Ай нана”,” Говийн хүүхэн” зэрэг 20 гаруй дууг дуулжээ.

Мөн шудрага хөгжмөөр “Аргагүй амраг”,” Үлэмжийн чанар”,” Сээхэлзүүр”, “Түвшин сайхан”,”Ганган уулын эзэд”,”Галуун цуваа”,” Бүүвэйл хорвоо”,”Хайлан цаастай  торго”, “Залхуу” зэрэг 20 гаруй дууг дуулж, хошин холбоо хийж тоглосон байна. Ажиллах хугацаандаа том  жижиг хуучир, шанзнаас гадна том жижиг товшуур, саксофон, хийл, аман хуур, мандалин хөгжмийг сурч тайзнаа тогложээ.

Тэрээр 1975 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дэргэдэх Үлгэрийн танхимд 21 жил ардын язгуур урлагаар дагнан ажиллажээ. Уран уншлагын төрлийг сонирхож  шүлэг, хошин шог, бэсрэг өгүүллэг цээжилж олон тоглолтонд оролцжээ. Тухайлбал Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажилласнаар зохиолчидтой танилцаж, зохиол бүтээлийг нь сурталчлахад оролцож тусгай хөтөлбөртэйгөөр зохиолч С.Удвал, Ч.Лхамсүрэн, Л.Түдэв, С.Дашдооров, Б.Явуухулан, Д.Нямаа, С.Эрдэнэ, Б.Бааст, Д.Тарва нарын бүтээлийн тайланд оролцож тэдний бүтээлийг тоглож байв.


Х.Цэрэнчимэд: Дорноговьд нэг их удаагүй ээ, 4 жил орчим болоод Улаанбаатарт орж ирсэн. Ирээд ажил олдохгүй, Анагаахын дээд сургуульд хэсэг хугацаанд Соёл олон түмний эрхлэгчээр ажиллаж байсан. Гэхдээ урлагаа орхиогүй, сайн дурын уран сайханч байлаа ш дээ.Үлгэрийн танхимд олон жил ажилласан даа. “Хи хи”-г уншиж 35 жил инээсэн байна. Уран уншлагын төрлөөр олон бүтээл хийсэн. Манай алдарт зохиолчдын олон бүтээлийг уншсан даа. Хөх даалимбан тэрлэг, Сэгс цагаан богд, Хүрэн морь найраглал гээд л уншаагүй шүлэг, найраглал ховор болов уу.

Намайг “Үлгэрийн танхимын Цэрэнчимэд”, “Хи хи Цэрэнчимэд” гэхээр хүмүүс сайн мэддэг шиг байгаа юм. Үлгэрийн танхим бол ардын аман зохиолыг жинхэнэ утгаар хүмүүст хэлж, ойлгуулж, хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг байгууллага байлаа. 30 гаруй жил ажилласан юм уу даа. Эхлээд “Үлгэрийн танхим” гэж байгаад дараа нь “Үлгэрийн далай” чуулга болсон. Намайг тэтгэвэртээ гарснаас хойш зах зээлийн шуурганд өртөж, ажиллахаа больсон юм байна лээ. Одоо монголчууд үүнийгээ үгүйлээд, нэхээд байгаа нь тэр шүү дээ.


Эдгээрээс гадна Х.Цэрэнчимэд аялгуут магтаалыг товшуур болон том  жижиг хуучир, арал хууртайгаар уншдаг. Тэрэээр С.Дашдооровын  “Говийн магтаал”,” Монгол” найраглал Ц.Гайтавын “Ерөөлийн дэргэд” Т.Очирхүүгийн “Эмнэлгийн магтаал” Д.Нацагдоржийн “Миний нутаг” Д.Нямаагийн “Миний нутаг” Жагдалын  “Дорноговийн магтаал” гэх мэт 40 гаруй магтаал уншсанаас гадна “Хуримын хундага” ,”Хэцүү гурван даваа”,”Улаанбаатар”  “Найрамдал” найраглал зэрэг 40 гаруй магтаал 10 гаруй зохиолыг аялгуугаар уншиж тоглолтод оролцож байжээ.

Мөн домогт, домогчилсон буюу харилцаа дууг гавьяат жүжигчин Нарантуяа жүжигчин Д.Өлзий, Бүдээ нартай   хамтарч буюу ганцаараа дуулж байжээ. Тоглолтдоо “Өнчин цагаан ботго”, “Эр бор харцага”,” Ар хөвч”, ” Сэндэр охин”, “Хотгойдын унага”, ” Хөх торгон дээл”,” Өдтэй бичиг”,” Шар хад”, “Алтайн дүнжин таван хасаг”  “Дөрвөн настай халиун”, “Дөрвөн цаг”, “Дөрвөн уул” гэх мэт дуунууд болон харилцаа дууны “Алгирмаа”-гийн  Алтансүхийн эх Сумъяа ноёны “Жууяар” хүүхэн Жийжүү хотын “Дэнзэняа” ,”Хадтай буттайн эх”,” Үүжий намжил”, “Ээжий маамуу”,” Мэнд үү сайн уу”, ” Ламбагуай”, “Улаан бууртай тэмээ” зэрэг  Нийтдээ 30 шахам домогт болон харилцаа дууг дуулсан юм.

1991 оноос “Эртний сайхан чуулга”-д жүжигчин, Гэрлэх ёслолын ордонд ерөөлч, магтаалч,  1998 оноос Кино урлагийн “Бэрс” дээд сургуульд язгуур урлагийн багшаар ажиллаж байгаад, 2014 оноос Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт” язгуур урлагийн багшаар  өнөөг хүртэл ажиллаж байна.


Х.Цэрэнчимэд: Тэтгэвэртээ гараад би үндсэндээ 3 ажил хийж байсан юм. Хуримын ордонд 19 жил ажиллаж, давхардсан тоогоор 20,0 мянган хосод ерөөл хэлсэн байна. Анхны ерөөлч нь байсан юм. Кино урлагийн Бэрс дээд сургуульд 11 жил багшилсан. Нэг хэсэг язгуур урлаг, аман зохиол гээд л хуучны өв соёлоо тоохоо байчихаад Бэрс сургууль хамгийн анхны ардын язгуур урлагийн багштай болж байсан нь тэр юм. “Эртний сайхан чуулга” одоо 30 жилийн ойгоо хийх гэж байгаа байх. Ардын язгуур урлагаа сэргээх санаатай явдаг хүн дээ би. Халх эмэгтэй туулийг анх тайзан дээр гаргаж ирсэн. Монгол исгэрээ гэдгийг ч тайзан дээр анх л гаргаж ирсэн, том хуучиртай эмэгтэй магтаал, домогт дуунуудыг ч гэсэн. Ер нь анхдагч болох гэж л мэрийж явсан шиг байгаа юм даа.


Х.Цэрэнчимэд бага наснаасаа эмээгээсээ исгэрээ сурч, нутаг орон, ах дүү нартаа үзүүлэн таниулж байж. Үлгэрийн танхимд ажиллаж байхдаа хөгжмийн зэмсэгтэй исгэрч үзэж байжээ. 1985 онд Ардын язгуур урлагийн их наадамд МУСГЗ Ж.Бадраагийн хүсэлт, санаачилгаар нээлтэд нь хуур, ёочин хөгжимтэй хамсарч, Монгол ардын дуу “Дөрвөн уул”, “Сэр сэр салхи”-ийг исгэрсэн нь үзэгч олон түмний талархлыг хүлээсэн гэдэг. Ж.Бадраа түүний исгэрээг тодорхойлохдоо “Энэ бол тагнайн исгэрээ, шүдний исгэрээний хамсарсан исгэрээ” хэмээн дүгнэж байжээ.  

Ардын уламжлалт тагнайн исгэрээгээр гоцолж, “Цомбон туурайтай  хүрэн” “Сэр Сэр салхи” “Гоожнана”, “Ар хөвчийн унага”,” Дөрвөн уул” гэх мэт өөрийн ардын дуунаас  гадна Солонгос ардын дуу “Ариран”, “Япон ардын дуу “Хойд нутгийн хавар”  Буриад ардын дуу  “Хүдэр дунгуй” зэрэг дууг сурч, исгэрч байсан.

1992 онд Улаан-Үд хотноо болсон “Алтан Унага” хэмээх тоглолтод  МУГЖ Х.Цэрэнчимэд МУГЖ Д.Сундуйтай хамт оролцож, хамтдаа Алтайн магтаал хайлж Х.Цэрэнчимэд исгэрч, Д.Сундуй хөөмийлж байсан нь гайхалтай зохицож, хүмүүс их гайхшран сонсож байсан хэмээн тэрээр яриандаа дурдав.


Х.Цэрэнчимэд: Манай удамд авьяастай хүмүүс байсан. Би өдийнхөн байсаан, миний эмээгийн эгч гэж хөгшин хул ширлээд иш хийж, харганы модоор чих хийчихээд үлгэр ярьдаг байсан. Би жаахан байсан болохоор яаж аялгуулж, хуруугаа яаж товшиж байсныг сайн мэддэггүй юм. Хөгжим гэж тэр үед юугаа мэдэх вэ. Гэхдээ л миний дурсамжид хадгалагдаж дээ. Ингэний ихэс царанд татчихаад дэрсэнд хоргол хатгаж “дан дан” гээд л дуугаргаж байсан нь миний анхны хөгжим байсан байх. Аав минь надад их зүйл зааж өгдөг байлаа. Бууз хийчихээд намайг 32 лонх тоолуулж, тоолж чадахаар өгдөг, тийм л байсан. Тууль гэдэг чинь аялгуут үлгэр шүү дээ. Судлаад үзэхээр Товшуур хөгжим  манай аймагт байсан юм байна лээ. Эрдэнэдалай суманд маш олон туульч байсан. Ерөөл магтаал, тууль хайлах, исгэрээгээр манай нутаг Луус сум онцгой санагддаг шүү.


Х.Цэрэнчимэд нь бага наснаасаа тууль сонсож өссөн ба түүний эмээ ээж Халтарын төрсөн эгч Хөнхөр бага цагт нь хонь малдаа дагуулж явахдаа том хул аягыг ширлэн цар хийж, адууны дэл сүүлээр хялгасалж, алтан харганаар чих хийсэн товшуураар  тууль хайлж байсан нь хүүхэд насанд нь тодхон үлдэж, хавь ойрынхондоо сайхан үлгэр хэлдэг хүн гэж хэлэгддэг байв.


Тэрээр тууль хайлах энэхүү өвийг дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө судалж, үлгэрийн танхимд байхдаа 1984 онд Академич Нарантуяа гэдэг хүнээс Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Ичинхорлоо гэдэг хүний бичүүлсэн “Арван таван настай алтан галуу ноён хүү” туулийг олж авчээ.


Мөн “Хорин дөрвөн салаа эвэртэй ухаа дөнөн буга" гэх туулийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нэгэн хүний аялгуучлан хэлж байсныг сурч авсан байна. Мөн Төрийн соёрхолт алдарт туульч Б.Авирмэдийн шавь болсон нь түүнд тууль хайлах урлагийг өвлүүлсэн үйл явдал болж байж. 1997 онд Ази дорно дахины туульчдын симпозиумд оролцож, “Халх эмэгтэй туульч” өргөмжлөл хүртэж байжээ. Түүний дараа Төрийн соёрхолт алдарт туульч Б.Авирмэд өөрийн товшуураа шавьдаа өв залгамжлуулан гардуулан өгч байсан нь энэ л өв соёлыг тээн, өвлүүлж үлдээх хүн мөн гэдгийг таньсан хэрэг. Мөн 2013 онд болсон Туульчдын симпозиумд “Монгол туульч” өргөмжлөлийн эзэн болж байжээ.


Эрт үеэс уламжлан ирсэн зүйр цэцэн үг хэлэх ардын урлагт суралцаж, “Лам чөтгөрийн дайралцаан”, “Учиг шингээх хууч яриа” гэх мэт ардын аман зохиолыг тайзнаа тоглосон юм.  Мөн “Алтан галуун ноён хүү”,” Хорин дөрвөн салаа эвэртэй ухаа дөнөн буга”,” Хан харангуй”, ”Яриг цагаан энэ сариг цагаан ботго”, “ Алтайн сүмбэн хүү”, “Жангар” тууль зэрэг ардын аман зохиол болон төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноровын ая “Эр хоёр загалын тууж” гэх мэт туульсыг хуучир, товшууртай хайлж байж.


МУГЖ Х.Цэрэнчимэд нь  2014 оноос “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт ажиллаж, хойч үедээ Халх тууль, исгэрээ, уран уншлага, хөөмий гээд язгуур урлагийн бүхий л төрлийг өвлүүлэн үлдээхийн төлөө чармайн ажиллаж байна. Дундговьд ирээд бэлтгэсэн анхны шавь Г.Намсрайжав нь өнөөдөр “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт хөөмий, морин хуурын багшаар ажиллаж, багшаасаа үргэлжлүүлэн суралцсаар явна.  


МУГЖ Халтарын Цэрэнчимэд хэлэхдээ “Монгол ардын аман зохиол арвин их, түүгээрээ манай ард түмэн үр хүүхэд, ач зээ нараа хүмүүжүүлж байсан. Бага цагтаа “Яриг цагаан ингэний сариг цагаан ботго” гэдэг домог сонсож, өөрийн эрхгүй хүний нялх үртэй адилтган бодож нулимс дуслуулж суудаг байлаа. Жоохон байхдаа бууз идэхийн тулд лонх тоолдог байсан,  ингэж л үр хүүхдээ багаас нь хүмүүжүүлж, суурь боловсрол олгодог байжээ. Тиймээс бид энэ их өв соёлыг үр хойчдоо зааж, сургаж, өвлүүлж үлдээхгүй бол монгол дархлаа маань байхгүй болно. Энэ л сэтгэлээр би тэтгэвэртээ гарчихаад өнөөдөр нутагтаа ингээд хүүхэд багачуудтай сайдаж, муудаад сууж байна. Ховордсон энэ их өв соёлоо хамгаалж, үлдээхийн төлөө хүн бүр анхаарч, хичээх хэрэгтэй юм” гэлээ. 


Холбоотой мэдээ