ДОРНОД: 457 мянган толгой мал амьтанд шүлхийн вакцин хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-20 12:36:04

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ намар гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг нийт 457,4 мянган толгой үхэр, гахайнд хийнэ. Вакцинжуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор бэлтгэл хангах сургалтыг зохион байгуулж, сумдын Мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний 45 нэгж, хилийн цэргийн малын эмч нарыг хамрууллаа. Сургалтаар үхрийн арьс товруутах өвчин гарсан асуудал, цаашид анхаарах зүйл болон тарилгын технологийн арга зүйг мөрдөх талаар чиглэл өгч, санал солилцсон байна.

Шүлхийн вакцинжуулалтын үеэр урьдчилж мэдэгдсэн хуваарийн дагуу малчдыг мал сүргээ тогтоосон хугацаанд бүрэн хамруулах, тарилгын дараа малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, малын эмчийн зөвлөгөөг дагахыг анхаарууллаа. 

Энэ зун баруун аймгуудад зуншлага тааруу байсан учир намар, өвөл, хаврын улиралд малын хөдөлгөөн зүүн аймгууд руу нэмэгдэнэ. Тиймээс малчдыг мал сүргээ хөдөлгөхдөө сумынхаа мал эмнэлгийн нэгж тасаг, багийн даргадаа мэдэгдэж, мал эмнэлгийн гэрчилгээгээ авч явж байхыг зөвлөв. 

Шүлхийн вакцинжуулалт өнгөрсөн сард эхлэх ёстой байсан ч хойд хөршөөс татан авалт удааширсан учир энэ сарын сүүлээр эхлүүлэхээр ийнхүү бэлтгэл хангаж байна. 

Холбоотой мэдээ