Биеийн тамир, спортын дунд сургуулийнхан олимпын анхдагчуудад хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Тэртээх 1964 он монголчууд анх удаа өвөл, зуны олимпод оролцсон түүхтэй. Ази тив анх удаа олимпын наадмыг зохион байгуулсан нь Японы Токио хот байлаа. Тус зуны олимпод манай улс спортын таван төрөлд 21 тамирчнаа илгээсэн юм. Харин Австрийн Инсбрук хотод болсон өвлийн олимпод биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд 13 тамирчнаа оролцуулж, олимпын их гэр бүлд нэгдэж байлаа.
Тэгвэл Нийслэлийн Биеийн тамир, спортын дунд сургуулийнхан өвөл, зуны олимпын наадамд анхлан оролцож Монголын тамирчдын шанг татсан анхдагчуудаа хүлээн авч уулзлаа. Уг уулзалтыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон бөгөөд 10 дахь жилийнхээ ойтой золгож байна. Анхдугаар уулзалтад Монголоос анх өвөл, зуны олимпод оролцсон 25 тамирчин оролцож байжээ. Тэгвэл 10 дахь жилийн уулзалтад Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, XX зууны манлай бөх Х.Баянмөнх, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Б.Санжаа тэргүүтэй 13 ахмад тамирчин оролцов.
Тэд Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагчидтай уулзан халуун дулаан яриа өрнүүлж, хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон олимпын их наадамд оролцож байсан дурсамжаасаа хуваалцлаа.
Энэ үеэр тус сургуулийн захирал, гавьяат дасгалжуулагч Ч.Зоригтбаатар хэлэхдээ “Сэтгэл маш их хөдөлж байна. 2014 онд анх та бүхнийг хүлээж авч байсан энэ уулзалт маань нэг л мэдэхэд 10 жил болжээ. 10 жилийн өмнө ирж байсан хүмүүсээс зарим нь энд алга. Хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Гэвч бид олимпын наадамд оролцсон анхдагчуудаа үргэлж санан дурсах болно. Та бүхнийг өнөөдөр урилгыг минь хүлээн авч, цаг зав гарган ирсэнд баяртай байна. Манай сургуулийн хамт олон болон сурагчид маань та бүхнээсээ эрч хүч, урам зориг авдаг юм. Сурагчдад маань сэтгэлийн дэм, урам хайрладаг та нартаа баярлалаа” гэв.