“Өвлийн идэш-2023” үзэсгэлэнгийн хамгийн өндөр үнэтэй мах 11000 төгрөг хүрч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Малчдын орлого, амьжиргааг дэмжих үүднээс малчнаас эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх, нэг ёсондоо дундын зуучлалгүйгээр худалдах “Өвлийн идэш-2023” махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс нийслэлийн 11 байршилд гарч байна. Ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдааг иргэд олноор зорьж байгаа ч сэтгэл хангалуун бус байна. Бид Төв цэнгэлдэх хүрээлэн, “Тэнгэр” худалдааны төв болон Жуковын талбай гарсан үзэсгэлэн худалдаагаас сурвалжилга бэлтгэлээ.
Иргэд сонголтод сэтгэл дундуур байна
Эхний очсон цэг Төв цэнгэлдэх хүрээлэн. Баруун талд нь 10-аад
машин зогсож байна. Ихэнх нь Дорнодоос ирсэн мах гэх. Гэхдээ тэд малчид биш дан
ченжүүд байгаа нь илт. Махны хувьд сонголт муутай харагдана. Иргэд “Махны
хувьд сонголт муутай юм. Бас үнэтэй байна. Муу мах байна” хэмээн ярьж байна. Нойтон мах нь
маш хурдан дуусаж байгаа харагдлаа. Харин тэс хөлдүү махнуудыг иргэд эргүүлж,
тойруулж хараад л өнгөрч байв. Махны хувьд үхрийн мах 9800-10000, хонь 7500, адуу
8000 төгрөгийн ханштай байв. Товчхондоо бол үнэтэй байна гэсэн үг. Харин гэдэстэйгээ,
жижиглээд шуудайлсан мах 11 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Махны хажуугаар аарц, айраг, жимсний өтгөрүүлсэн шүүс, самар, жимс зарж буй машин ч байна. Цэнгэлдэхийн гадаа худалдаа эрхэлж байсан хүнтэй уулзахад “Борлуулалт санасныг
бодоход гайгүй байна. Сайн махыг нь иргэд шилж авч байна. Өглөө
10:00 цагаас хойш гайгүй наймаа хийчихлээ” гэв. Шүдлэн үхрийн мах дунджаар 1.4
сая төгрөг болж байгаа гэв.
Тэгвэл иргэн Б.Алтангэрэл “Өвлийн идэшний худалдаа ямар ч зохион
байгуулалтгүй болж байна. Хэдхэн машин зогсож байна. Тэгэхээр сонголт муу байхаас яах
вэ. Үнийн хувьд Дэнжийн мянгаас үнэтэй санагдлаа. Уг нь гайгүй бол ганц өрөөл
авъя гэж бодсон юм. Гэтэл гайгүй махтай ганц, хоёр хүн нь өрөөлөөр бус заавал
бүтнээр нь зарна гэнэ. Тиймээс хэд хоног хүлээж байгаад Дэнжийн мянгыг зорьдог
юм бил үү. Үүрээр очиход хямд үнээр гайгүй мах авах боломжтой” гэв.
Өчигдрийн 12:00 цагийн байдлаар Төв цэнгэлдэхэд голдуу Дорнодын гаралтай мах худалдаалж байлаа. Малчдын гараас гэсэн атлаа дан ченжүүд зогсож байгааг шүүмжлэх нэгэн байхад “Өдийд малчид хотод ирээд мах зараад зогсох нь юу л бол. Замын дундаас махаа хямд өгөөд л буцаж байгаа” гэх хүмүүс ч байна. Ямартай ч энэ жил нэг айл дунджаар 1.3-1.5 сая төгрөгт багтааж өвлийн идшээ бэлдэх тооцоо гарч байна.
Ямар ч эмх замбараа алга
Бидний очсон дараагийн цэг нь “Тэнгэр” худалдааны төв. 10 машин ирж зогссон байсны ес нь Сүхбаатар аймгаас иржээ. Нэгэн эр “Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас эртхэн малаа мах болгосон нь энэ. 9500 төгрөгөөр зарж байна. Цаагуур чинь зарим нь 10 мянган төгрөгөөр зарж байх шиг байна. Жуковын музейн өмнөх талбайд бүр кг-ыг нь 11 мянгаар зарж байгаа сураг дуулдлаа. Гайгүй үнээр хурдан зарчихаад эртхэн буцах санаатай” гэв. Тэнд байсан машинуудаас хамгийн их бөгөөд хямд махтай нь тус залуугийнх учир иргэд бөөгнөрчээ. Голдуу аав, ээжээ дагуулсан дунд эргэм насныхан махыг нааш, цааш тойруулан үзнэ. Хүмүүс ихэнхдээ үхрийн мах сонирхож, хонины гулууз үүрсэн хүмүүс мэр сэр харагдана. Ямааны мах 6000-6500 төгрөгийн ханштай байна. Энд худалдан авалт тийм сайн биш ч хүн их байна. Үнэхээр хямд уу, сонголт арвин байж чадаж байна уу зэргийг сонжиж, сонирхож яваа хүмүүс нэлээд байлаа. “Өвлийн идэшний өргөтгөсөн худалдаа захаас арай хямд байх болов уу гээд зориод ирсэн тийм биш байна. Малчдын гар дээрээс гэж байгаа боловч тэгж харагдахгүй байна. Захаас үнэтэй зарж байна. Сонголт ч багатай юм. Манай “Хархорин” захын махаас үнэтэй байхаар яах билээ. Уг нь зорьж ирсэн юм. Бас ямар ч эмх замбараа алга” хэмээн ярих нэгэнтэй ч таарлаа.
Хамгийн үнэтэй цэг
Гурав дахь цэг нь Жуковын талбай. Бас арваадхан машин зогсож байна. Мах нь кг нь 10500-11000 төгрөг буюу арай үнэтэй байна. Тиймээс худалдан авалт хийж байгаа хүн харьцангуй
цөөн. Махны худалдаачид
Дорнод, Сүхбаатараас иржээ. Бас л малчид бус ченжүүд бололтой. 10-аад
машины хоёр, гурав нь л малчид өөрсдөө зарж байх аж. Гурван цэгээр ороход иргэдийн амнаас
хамгийн их сонссон нь “Үнэтэй байна. Сонголтгүй байна” гэх хоёрхон үг. Нэг цэг
дээр дээд тал нь 10 машин л зогсож байгаа бололтой. “Өвлийн идэш-2023” нэгдсэн
үзэсгэлэнгийн эхний өдрийн дүр зураг нэг ийм. Албаныхан “Өвлийн идэш-2023” үзэсгэлэн
дээр зарж буй мах “Хүчит шонхор”-ынхоос 500-1000 төгрөгөөр хямд гэдэг мэдээлэл
өгсөн ч бодит байдлаас ийн зөрүүтэй байх аж.
Өнгөрсөн бямба гаргийн байдлаар “Хүчит шонхор” худалдааны төвд худалдаж
байгаа махны үнийн хувьд кг нь
Үхрийн мах: 8500-10000 төгрөг
Хонины мах: 7000-7500 төгрөг
Адууны мах: 6000-6500 төгрөг
Ямааны мах: 5000-5500 төгрөгийн ханштай байсан юм.
Түүнчлэн орон сууцны томоохон хорооллуудын талбайд малчид ирж мах зардаг болсон. Тухайлбал, баруун чиглэлд хамгийн томд тооцогдох хорооллын нэг “Содон”-гийн гадна талбайд үхрийн мах 9000-10500, хонь 7500-8000 төгрөгийн ханштай байсан юм.