УОК: Хохирсон айлуудыг түр байрлуулах түрээсийн байрны төлбөрийг төр гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-24 16:07:37

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Стандарт хэм хэмжээг баримтлаагүйгээс гарсан нөхцөл байдал дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цэгцлэх ажлыг цаашид Засгийн газраас анхаарч ажиллана. Хохирол барагдуулах асуудал нэн тэргүүнд гарч байна. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцон хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан.


Нэгдүгээрт, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосон. Хоёрдугаарт, ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтооно. Нийт 29 машин, 60 айлын орон сууцны хохирлыг тооцоолж, хохирсон өрхүүдийг түр хугацаанд түрээсийн байранд байлгах төлбөрийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг үүрэг болгоод байна. Гуравдугаарт, галд өртсөн байрыг яаралтай засварлана. Цаашид эрүүл аюулгүй орчин, гамшиг эрсдэлтэй тэмцэх байгууллагын чадварыг сайжруулахад анхаарна.


Гэхдээ зөвхөн алба хаагчид биш улс даяараа анхаарах хэрэгтэй. Даатгалын тогтолцооны тухайд хүндрэлтэй. Бид энэ чиглэлд цаашид мөн зайлшгүй анхаарах шаардлага үүслээ. Олон иргэдийг орох орон гэргүй байлгаж болохгүй учир шаардлагатай төсөв санхүүг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна. Галд өртсөн байр болон хажуугийн байруудад эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн. Урьдчилсан дүгнэлт гарсан. Онцгой байдлын салбарт төсөв санхүүг шаардлагатай хэмжээгээр баталж өгөхийг удаа дараа илэрхийлсэн. Гал унтраах дөрвөн алба хаагч дундаа нэг галд тэсвэртэй хувцастай байна. Энэ байгууллагад хувцас, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг заавал шинэчлэх нэмэх шаардлага байгаа” гэв.


Харин ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Өнгөрсөн шөнийн 01:15 цаг дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажилласан. Гал унтраах ажиллагаанд тактикийн алдаа гараагүй. 63 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу ослын газар очиж алба хаагчид үнэлгээ хийх үеэр осолдсон. Ёмкость хүчтэй дэлбэрч, алба хаагчид шидэгдэж харамсалтайгаар амиа алдсан. Байгалийн хий буюу газ тээвэрлэж явсан машины дэлбэрэлтэд өртсөн обьект бол 60 айлын орон сууц юм.


Нийт гурван цаг 15 минутын хугацаанд 10 гаруй анги ажиллаж галыг бүрэн унтраасан. Утаажсан бүсээс иргэдийг гаргах ажлыг цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулсан. Хамгийн сүүлд хоёр өрхийн гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байж байгаад холбоо тогтоосон. Орон сууцны оршин суугчид бүгд эсэн мэнд байгаа. ОБГ-ын алба хаагчдад даатгал байдаг. Тавин сая төгрөгийг нөхөн олгодог.


Ёмкость 40 метр газарт шидэгдсэнээс үүдсэн золгүй осол өмнө нь Монголд гарч байгаагүй. Улсын хэмжээнд тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангалт 57, хамгаалах хувцас хэрэгслийн хангалт 37 хувьтай байдаг. Дөрвөн алба хаагчийн дунд нэг тусгай усны хувцас байдаг буюу дамжуулж хэрэглэдэг. Энэ бол бодит үнэн. Цаашид бол энэ асуудалд анхаарах шаардлагатай. Өчигдөр болсон дэлбэрэлтийн үед алба хаагчид хамгаалах хэрэгсэл бүрэн байсан” хэмээн ярилаа.


Харин ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Н.Лхагвасүрэн “Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэгч 2167 УНЕ дугаартай машин “Дашваанжил” компанийн автомашин НИТХ-ын 2014 оны 102-р тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу С, Е ангиллын зөвшөөрлийг Нийтийн Тээврийн Газраас авсан мэдээлэл урьдчилсан байдлаар бүртгэгдээгүй байна. Осол гарах үед тус замд цагдаагийн зохицуулалт байгаагүй, замын хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагдаж байсан. Осол гаргасан хоёр машины жолооч согтуурлын зэрэггүй байсан. Цаашид шалгалтаар цусны дээж авч шинжилнэ” гэсэн юм.


Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувь түлэгдсэн. Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй. Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг “Күүпер” зочид буудал байрлуулсан. Эдгээр иргэнд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна” гэв. 

Холбоотой мэдээ