Сар шинийн барилдаанд түрүүлсэн 14 аварга, түрүүлж үзээгүй дөрвөн аварга бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-07 15:19:49

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-нд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан маргааш эхэлнэ. 1963 оноос эхлэлтэй эл барилдааныг 2020, 2021 онд коронавируст цар тахлын улмаас өнжсөн юм.


61 жилийн түүхэнд луу жилийн барилдаан нийт таван удаа тохиоход зөвхөн аварга цолтой бөхчүүд түрүүлжээ. Тухайлбал, 1964, 1976 оны луу жилийн барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат, 1988, 2000 оны луу жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 2012 оны луу жилд улсын аварга С.Мөнхбат давсан байх юм.


Тэгвэл сар шинийн барилдаанд түрүүлсэн 14 аварга бий. Тодруулбал, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Дамдин, С.Цэрэн, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар юм. Тэднээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13, дархан аварга Х.Баянмөнх ес, дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлжээ. Тэгвэл дархан аварга Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Хадбаатар, Ч.Санжаадамба нар гурав, дархан аварга Д.Дамдин, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар нар хоёр, даян аварга С.Цэрэн, улсын аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр,  С.Мөнхбат нар нэг түрүүлсэн байна.


Харин “Бага наадам”-д түрүүлж үзээгүй аварга цолтой дөрвөн бөх байгаа бөгөөд тэд бол даян аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Бээжин, П.Бүрэнтөгс, О.Хангай нар юм.

Сонирхуулахад, 2017 оноос хойш Сар шинийн барилдаанд аварга цолтой бөх түрүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр жил өнжсөнийг эс тооцвол дөрвөн барилдаанд аваргаас бага цолтой бөх түрүүлсэн гэсэн үг. 

Сар шинийн барилдаанд 1963-1970 онд 64, 1971-1990 онд 128, 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл 256 бөх барилдуулж байгаа юм. 



Холбоотой мэдээ