"Глоб интернэшнл" төв телевизүүд далд сурталчилгаа цацаж буй эсэхэд хяналт тавина

СОНГУУЛЬ 2024
b.tuul@montsame.gov.mn
2024-06-11 08:44:17

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/ УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны үеэр МҮОНТ, ТV-9, NTV, Mongol HD, Ийгл Ньюс гэсэн таван телевиз УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтийг биелүүлж буй эсэхэд "Глоб интернэшнл" төвөөс хяналт тавьж ажиллана гэж тус төвийн захирал Б.Онон ярилаа.


Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, ММCG үндэсний судалгааны компанийн 2023 оны судалгаанд суурилсан байна. Учир нь орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, чансаа өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөртэй, хэвлэлийн зах зээлд дөрвөөс дээш жил оршин тогтносон, олон нийтийн санхүүжилт авдаг зэрэг шалгуурыг үндэслэсэн аж.


Судалгааны үр дүнд телевизүүдийн сонгуулийн тухай мэдээлэлд зарцуулсан цаг, төлбөртэй сурталчилгааны цаг, мэдээллийн агуулга, далд сурталчилгаа нэвтрүүлсэн байдал, сонгогчдын боловсролд зарцуулсан цаг хугацаа, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдэд оногдсон цаг, мэдээллийн өнгө аяс зэргийг тодорхойлно. Мониторингийг сонгуулийн сурталчилгааны эхний өдрөөс санал хураалт хүртэлх хугацаанд хийх юм. 



Холбоотой мэдээ