Нью-Йорк дахь монголчууд Улаанбаатарын цагаар өнөөдөр 18 цагт сонгуулийн саналаа өгч эхэлнэ

СОНГУУЛЬ 2024
192@montsame.mn
2024-06-20 17:16:30

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Манай улсад “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” байгуулагдан ажиллаж байна.


Дээрх сүлжээнд “Глоб интернэйшнл” төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 3-4 ТББ нэгджээ. Тухайлбал, уг сүлжээний гишүүн “Бодлогод залуусын хяналт” ТББ сонгуулийн үйл ажиллагааны явцыг хянана. Ингэхдээ иргэний нийгмийн, хараат бус, сайн дурын ажиглагчдыг ажиллуулж байна.

Мөн нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй болгох гэсэн хоёр үүрэгтэй ажиллах талаар тус ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан Нээлттэй нийгэм форумд “УИХ-ын сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторинг” сэдвээр өнөөдөр болсон хэвлэлийн хурал дээр танилцууллаа.  


Тэрбээр хэлэхдээ, “Манайх сонгуулийн хяналтын үйл ажиллагааны хүрээнд иргэний нийгмийн, хараат бус, сайн дурын ажиглагчдыг ажиллуулдаг. Дотооддоо улсын хэмжээнд бүх аймаг, хотоос гадна хилийн чанадад АНУ-ын Нью-Йорк, Японы Осако, БНСУ-ын Сөүл хотод дөрвөн ажиглагч ажиллаж байгаа. Эдгээр ажиглагч нар ГХЯ-наас ажиглагчийн үнэмлэхийг албан ёсоор аваад ажиллаж байна. Нью-Йорк дахь монголчууд цагийн зөрүүнөөс хамаарч Улаанбаатарын цагаар өнөөдөр орой 18 цагт сонгуулийн саналаа өгч эхэлнэ” гэв.


Дотооддоо Төв, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Улс, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ аймагт нийт 25 ажиглагч, нийслэл хотын 6 дүүргийн 120 хэсэгт 240 ажиглагч ажиллах аж. Ажиглагч нар тэдэнд зориулсан цахим сургалтад хамрагдан өнөөдрөөс буюу 6 дугаар сарын 20-ноос ажиллаж эхэлж буйг мэдээллээ.



Иргэний нийгмийн байгууллагын сайн дурын ажиглагч нар АНУ, Япон, БНСУ-д монголчууд сонгуулийн санал өгч буй ажиллагааг хянан ажиллаж байна.


“Бодлогод залуусын хяналт” ТББ УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нийт 21 нам, эвслээс нэр дэвшиж буй 1336 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг мэдээллийн нээлттэй хайлтын санд нэгтгэжээ. Ингэснээр төрийн худалдан авалт болон бусад нээлттэй эх сурвалжтай харьцуулах боломжийг олгожээ.


Мөн Үндэсний аудитын газраас гаргасан нам, эвслийн сонгуулийн хандивын тайланд дүн шинжилгээ хийн мэдээлж байна. Жишээ нь, МАН 155.8 сая төгрөг, Сайн ардчилсан иргэдийн төлөө нам 1.5 сая төгрөгийн хандив хүлээн авсан мэдээллийг баталгаажуулсныг өнөөдөр мэдээллээ.

 

Холбоотой мэдээ