Д.Ганболд: Ямар ч бутан хүнтэй уулзахад “Бид монгол гаралтай” гэх юм билээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2024-07-05 15:58:52

 - Монгол үлгэр домогт Бутан орныг “Сэр сэр салхитай, сэрүүн бумбын орон” гэж өгүүлдэг -


Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад 2024 оны 7 дугаар сарын 8-15-нд төрийн айлчлал хийнэ. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа болон бутанчуудын өвөрмөц ахуй, ёс заншлын талаар Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболдтой ярилцлаа.


-Монгол Улс, Бутаны Хаант Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жил болж байна. Ер нь, хоёр улс аль хэр эрт үеэс харилцаж эхэлсэн түүхтэй байдаг вэ?

-Манай хоёр орон өнө удаан жилийн түүхэн харилцаатай явж ирсэн. Бутанчууд өөрсдийгөө Монголоос гаралтай гэх юм билээ. Түүхэндээ манай хоёр орон Буддын шашнаар дамжуулан холбогдож, харилцаж ирсэн байдаг. 1644 онд монгол цэргүүд төвөдүүдтэй хамтарч Бутан руу довтолсон тухай нэгэн баримт Бутаны түүхэнд их тод бичигдсэн байдаг л даа.


-Дипломат харилцаа тогтооход тухайн үед гадаад, дотоодын ямар таатай орчин бүрдсэн бэ, хоёр орны дипломат харилцааны онцлог тал нь юу гэж та боддог вэ?

-Хэмжээгүй эрхт хаант засаглалтай байсан Бутан улс 2008 онд Үндсэн хуульт хаант улс болж, гадаад бодлогоо өргөжүүлэн тэлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлогын хүрээнд манай улстай 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон билээ. Хоёр орны ард түмэнд зан заншил, дээл хувцас, хоол унд гээд ижил төстэй зүйлс арвин юм. Иймэрхүү ижил төстэй байдал, түүхэн холбоос, соёл, уламжлал, шашин шүтлэг зэрэгтээ үндэслээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал зэрэг салбарт хөгжүүлэх өргөн боломж, бололцоо бидэнд бий.


-Энэ оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, тус улсаас манай улсад суугаа анхны Элчин сайд болсон. Ер нь, тус улсын гадаад харилцаандаа баримталдаг бодлого ч их онцлогтой санагдсан, тийм үү?

-Элчин сайд В.Намжил маань улс төр, дипломат албаны арвин туршлагатай, Бутаны дөрөвдүгээр хааны хажууд 30 гаруй жил ажилласан мундаг элчин сайд л даа. БНЭУ-д суух Элчин сайдаар томилогдоод 16 дахь жилдээ ажиллаж байгаа, Дели дахь Дипломат корпусын тэргүүний орлогч юм. Элчин сайд бидний дунд “Генерал-Элчин сайд” хэмээн хүндлэгддэг.


Тэрбээр Делигээс Япон, Сингапурыг хавсран суудаг. Ийнхүү Монгол Улсад хавсран суух Элчин сайд болсон нь Бутаны Хаант Улс манай улстай оюун санааны хөршийн хувьд харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч, өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл юм.


Бутаны Хаант Улс нь мэдээж гадаад харилцаандаа чухал ач холбогдол өгдөг. Гэхдээ гадаад орнуудтай тэр бүр дипломат харилцаа тогтоогоод байдаггүй. НҮБ-ын гишүүн 193 орноос зөвхөн 50 гаруйтай нь л дипломат харилцаатай. Мөн НҮБ, ДЭМБ, ОУВС, Дэлхийн банк, ЮНЕСКО зэрэг олон улсын хэдхэн байгууллагад л гишүүнээр элссэн байдаг. Сонирхолтой нь, Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг Бутаны тал эхнээс нь дэмжиж, гишүүн нь болсон нь манай хоёр орон шиг далайд гарцгүй, хөгжиж буй, хоёр том хөршийн дунд оршдог орны хувьд харилцан ажиллах платформ гэдгийг олж харсных болов уу. Иймдээ ч Цог Жавхлант Хаан айлчлалынхаа үеэр тус Судалдааны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцахаар төлөвлөсөн.

-Монгол, Бутан хоёр улс түүх, уламжлал, соёл, шашин шүтлэг, амьдралын хэв маягийн хувьд ижил төстэй талуудтайг та дээр дурдлаа. Хоёр улс илүү бат бөх түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд аль салбарын хамтын ажиллагаа нэн чухал байна гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтуудыг үндэслэн хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй газар зүйн ижил төстэй өгөгдөлтэй, байгаль, эх дэлхийтэйгээ шүтэлцэн оршдог, цөөн хүн амтай, шашин шүтлэг, өв соёл, ахуй амьдралын хувьд ойр хэв маяг бүхий парламентын ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогддог Бутаны Хаант Улстай бид найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн яриа хэлэлцээгээ нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.


 -Бутанд томилолт аваад очсон анхны сэтгэгдлээ хуваалцаж болох уу?

-Бутанд анх очиход хамгийн түрүүнд, мэдээж Хималайн өндөр уулсыг онгоцноос харж, онгоцоор буухад огцом доошлон, уулс дундуур нисэж газардах нь содон санагдсан.


Тэгээд Бутанд буухад монголчуудтай төстэй хүмүүсийн найрсаг харилцаа, ёс жаяг, хувцас хунарыг хараад нутагтаа ирсэн юм шиг санагдаж байсан. Ялангуяа, халуу дүүгсэн Энэтхэгээс очсон болоод ч тэр үү сэрүүн салхи зөөлнөөр үлээгээд таатай байв. Монгол үлгэр домогт “Сэр сэр салхитай, сэрүүн бумбын орон” гэж байдаг нь Бутан орон юм гэж зарим эрдэмтэн, мэргэд хэлж байсныг энэ ташрамд бас дурдмаар байна. Хималайн нурууны өвөрт орших Бутан орон зундаа хэт халуун биш атлаа өвөлдөө дулаахан байдаг. Жилийн дундаж температур нь 15-25 хэм байдаг. Уулзсан эрчүүдийн дунд Дорж, Цэрэн, эмэгтэйчүүдийн дунд Дулмаа, Бумаа гэдэг нэртэй хүн олон байсан нь сэтгэлд ихэд дотно санагдаж байж билээ.


Бутаны үндэсний соёл боловсролын салшгүй хэсэг болох уран зохиол, шашин шүтлэг, зан заншил, үндэсний хувцаслалт, сүм хийдийн зан үйл, хөгжим, бүжиг  нь үндэсний соёлын хөгжлийн хэв загварыг илтгэдгийг Бутанд байхдаа анзаарсан.


Ямар ч бутан хүнтэй уулзахад “Бид монгол гаралтай” гэх юм билээ. Төрийн болон хувийн байгууллага, зоогийн газар гэх мэт хаана ч орсон Хааны гэр бүлийн зургийг хоймортоо хүндэтгэлтэй залсан байдаг. Ард иргэд нь амар амгалан, айван тайван, аз жаргалтай санагдсан. Бутан хүүхдүүд төрөхдөө бидэнтэй ижил хөх толботой төрдөг гэсэн. Монголчууд бидэнтэй адил сүүтэй цай ууж, боов боорцог, сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээ их хэрэглэдэг. Мөн үндэсний спорт нь сурын харваа юм.


-Бутаны Цог Жавхлант Хааны манай улсад хийх айлчлалын үр дүнг хэрхэн төсөөлж байна, ямар ач холбогдолтой айлчлал болно гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Гялцэн Жэцүн Пема нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Мэдээж, манай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хэрэгжүүлж буй дээд хэмжээний анхны айлчлал учраас хоёр орны харилцаанд тэмдэглүүштэй, онцгой үйл явдал юм.

Дэлхийт нийт 34, тэр дундаа Азид 4 хаант улс байдаг. Монгол Улсын нэн шинэ түүхэнд 1970-аад онд Ираны Шах, 1995, 2007 онд Кувейтийн Эмир нар айлчилж байв. Иймд манай оронд айлчилж буй 3 дахь улсын хаан гэдгээрээ бас онцлогтой.


Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Гялцэн Жэцүн Пема нарын Монгол Улсад хийх төрийн айлчлал хэрэгжсэнээр нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, Монгол Улсын гадаад бодлогын “Гуравдагч” хөршийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэн бэхжүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.


 Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийх төрийн айлчлалын үеэр бид хоёр талын харилцааны зарим баримт бичиг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн 2016-2018 онд манай хоёр орны Гадаад хэргийн сайд нарын харилцан хэрэгжүүлсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зарим асуудлыг шийдвэрлэх болно.


“Хилэнт эх” хэмээх луу жилд “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Гялцэн Жэцүн Пема нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал нь манай хоёр ард түмний харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна.









Холбоотой мэдээ