УДБЭТ 62 дахь улирлын тоглолтоо “Хунт нуур”-аар нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр 62 дахь улирлын тоглолтоо П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгээр нээх гэж байна.
Ирэх сарын 5, 6-нд тоглох энэхүү бүжгэн жүжгийг манай улс хамгийн анх 1975 онд тайзнаа амилуулсан байдаг. “Хунт нуур” бүжгэн жүжиг нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд болсон бүтээл юм.
Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.
Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Одетта, Одиллиягийн дүрийг гавьяат жүжигчин О.Анужин, соёлын тэргүүний ажилтан Б.Марал, Зигфридийн дүрийг соёлын тэргүүний ажилтан Б.Дөлгөөн, Б.Эрдэнэболд, Ротбартыг Б.Ананд, Э.Эрдэнэжаргал, Алиа салбадайг Ц.Мөнгөншагай, Ц.Энх-Амар амилуулах нь ээ.
П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээж байсан гэдэг. Гэвч хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болсон нь энэ.
Дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг 49 дэх жилдээ Монголын театрын тайзнаа тоглоход УДБЭТ-ын уран бүтээлчид бэлэн болжээ.