ТӨВ: Мэдээллийн төвийн үйл ажиллагааг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-24 12:08:55

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" компанийн гүйцэтгэх захирал Китанака Такэфуми тэргүүтэй Монгол, Японы төлөөллийг Төв аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах асуудлаар харилцан санал солилцов.


Төв аймгийн зүгээс жилдээ 2 сая орчим зорчигч хүлээн авдаг шинэ нисэх буудлыг түшиглэн ирж, буцах жуулчдыг өөрийн аймаг, орон нутагт татах бүхий л боломжийг эрэлхийлж байгаагаагаа илэрхийлсэн юм.


“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" компанийн зүгээс Төв аймгийн соёл, урлагийн байгууллагыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Энэхүү саналыг үндэслэн Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид нисэх онгоцны буудалд түр саатсан, дамжин нисэх нислэгээ хүлээж байгаа зорчигчдод зориулан үндэсний урлагаа сурталчлан таниулах, “Өв соёлын өргөө цогцолбор”-т тодорхой цагийн хуваарийн дагуу жуулчид, зорчигчдод зориулан тоглолт зохион байгуулах боломжтой гэв.


Мөн Төв аймгийн талаар жуулчид, зорчигчдод мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулж байсан “Мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг эргэн сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Эдгээр саналыг хоёр тал хэлэлцэн, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой эсэх нь тодорхой болбол хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах юм.  


Холбоотой мэдээ