ТӨВ: Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад эхний ээлжид 20 хүн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2025 оны I улирлын ерөнхий шалгалтыг энэ сарын 12,13-ны өдрүүдэд 6 ээлжээр зохион байгуулна.
Тус шалгалтад нийт 117 иргэн бүртгүүлж 3 дугаар сарын 12-ны өдөр 69 иргэн оролцохоос 54 иргэн буюу 46.15 хувь нь оролцсон байна. Үүнээс 20 буюу 37.3 хувь нь тус шалгалтад тэнцжээ.
Нийт оролцогчийн 23 буюу 43 хувь нь эрэгтэй, 31 буюу 57 хувь нь эмэгтэй байна. Насны ангиллаар авч үзвэл, 18-25 насны төлөөлөл 9 буюу 16.66 хувь, 26-40 насны төлөөлөл 33 буюу 61.11 хувь, 41-55 насны төлөөлөл 12 буюу 22.22 хувийг эзэлж байна.
Шалгалтад тэнцсэн Д.Ариунтунгалагаас тодруулахад, “Ямар нэгэн цаг хугацааг өөртөө заавал зориулж маш сайн бэлтгэж оролцоорой. Жижиг зүйлс дээр хүртэл алдах, андуурах тохиолдол их гарахаар юм байна. Миний хувьд ном, аппликейшн зэрэг ашиглаж бэлдсэн учраас ийм төрлийн алдааг маш бага гаргасан гэж бодож байна” гэв.