Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-12 16:13:50

“Тусгай хамгаалалттай газар нутаг-Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр "Чингис" зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслүүд хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулганыг дөрөв дэх удаагаа ийн зохион байгуулж байгаа юм. Чуулганы зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, түүний хамгаалалтын менежментийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг тодорхойлоход оршиж байгаа аж.

Чуулган 2 өдөр үргэлжлэх ба нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Нэгдсэн хуралдаанаар оролцогчид илтгэж тавьж туршлага хуваалцах бол, хэлэлцүүлгийн үеэр Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвийн хүрээнд харилцан санал солилцох юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ