Дорноговь аймгийн хүн ам 5.5 хувь өсөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Статистикийн хэлстийн гаргасан мэдээллээс үзэхэд 2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хүн ам 66,6 мянга болж нэмэгдэв.
Энэ тоог 2015 оны жилийн эцсийнхтэй харьцуулахад 5,5 хувиар буюу 3481 хүнээр өссөн аж. Харин нийт хүн ам жендерийн хувьд ижил тэгш 50:50-ийн харьцаатай байна.
Хүн амын 62,4 хувь буюу 41,6 мянга нь Сайншанд, Замын-Үүд суманд төвлөрч оршин суудаг. Сууршил нэмэгдсэн шалтгаан нь хүн амьдрах таатай боломж нөхцөл авто зам, орон сууц, харилцаа холбооны дэвшилтэт технологи орон нутагт бий болсон төдийгүй өөр бусад зөөлөн дэд бүтэц нэмэгдэхийн сацуу томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагаа нөлөөлж байна.
“Мон полимет” групп тус аймгийн Өргөн суманд Монгол Улсын нийт цементийн хэрэгцээний 30 хувийг дангаар хангах цементийн үйлдвэр, Даланжаргалан суманд “МАК” ХХК мөн л 30 гаруй хувийг хангах цементийн үйлдвэр, дэлхийд томоохонд тооцогдох Цагаан суваргын орд, нүүрсний компаниудад олон хүн ажиллаж байгаа юм.
Х.Эрдэнэбулган