Эх байгалиа хайрлагч найрагчид эх оронч уриалга гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batsaikhan@montsame.mn
2017-04-07 17:14:26

Улаанбаатар / МОНЦАМЭ/. "Цадигт чимээ" ТББ -ын гишүүд гэж шүлэг найргаар жигүүрлэсэн халуунхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд олон төрлийн бүтээлч ажил сэддэг юм билээ. Энэ удаа "Хаврын аялал" зохион байгуулж, саруул сэтгэл, сайхан шүлгээрээ нэгдсэн 22 хүн Тэрэлжийн Байтаг богд уулын энгэрээс Туул гол хүртэлх хэсэг газарт сайн дураараа цэвэрлэгээ хийж хогийг нь машинаар зөөж Налайхын хогийн цэгт  буулгасан байна.

Тэр хавийн хур их хогоос нэгэн хэсгийг нь ямартай ч цэвэрлэжээ. Аялалд гарахынхаа өмнөхөн "Байгалиа хамгаалья " сэдвийн доор 4 мөрт шүлгийн уралдаан зарлаж байсан. Эхний таван байрт орсон 5 шүлгийг самбар болгон хийж хүмүүс цугладаг, аялдаг цэгт байршуулжээ.
Тэрэлжийн байгаль хамгаалагч Н.Дагас "Энэ их хур хогийг бүрэн цэвэрлэхэд урт хугацааны ажил болно. Эдгээр найрагчид шиг санаачлагаараа хог цэвэрлэж өгөх сайхан байгаль цэвэр цэмцгэр орчин бий болгоход олон хүн оролцоосой" хэмээн талархал илэрхийлэв.

 Цаг дулаарах тусам хүмүүсийн аялах нь ихэснэ. Тиймээс Тэрэлж хавийн хүн олноор цугладаг газарт анхаарал хандуулж, хогонд хяналт тавих , сайн дурынхныг ажиллуулах, хорхог, хоол цай хийх зориулалтын саравч барих, бие засах болон хогийн сав, цэгүүд олноор хийж байршуулах саналыг "Цадигт чимээ" ТББ-ын гүйцэтгэх захирал яруу найрагч Чимидцэрэн хэлж байв.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ