Морин хуурын музейг шинэ байртай болоход тоглолтын орлогыг зориулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-24 15:39:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анхны “Жонон хар” морин хуурын музейг үүсгэн байгуулагч, морин хуур урлаач, ая зохиогч Б.Сүхбаатарын "Тэнгэрийн эгшиг" уран бүтээлийн тайлан тоглолт өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд болно.

Тоглолтод МУГЖ Г.Батбаяр, Л.Болдбаатар, Ж.Уранчимэг, МУСТА Д.Наранхүү, Б.Алтантогтох, Б.Сэлгэртөр нарын уран бүтээлчдээс гадна ардын урлагийн "Дөмөн", "Замбатив" хамтлаг, бүжгийн “Хатантуул” хамтлаг болон уран нугараачид, бие биелээчид оролцох юм.

Түүнчлэн тоглолтын үеэр 1800-аад оны үеийн төмөр цартай боржигин хуур, баруун монгол түмний икэл хөгжим тэргүүтэй морин хуурын музейн үнэт үзмэрүүдтэй танилцах боломжтой. Уран бүтээлийн тоглолтоос орсон орлогыг Монголын анхны морин хуурын музейг шинэ байртай болгоход бүрэн зориулах юм.

Одоогоор морин хуурын музейн цуглуулга “Морин хуур” төвд хадгалагддаг байна. Музейн сан хөмрөгт дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсгийн цуглуулгаас гадна 1800-аад оны төмөр цартай боржигин хуур, Манжийн дарлалын үед холбогдох хуур гээд 200 гаруй үзмэртэй аж.
Ж.Болор
Холбоотой мэдээ