Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга: Туурга тусгаар улс орон минь хөгжин бадраг. Түмэн олон минь амар амгалан байг

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-07-11 20:44:18
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хойморт Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос хүндэтгэлтэйгээр залан авчирч байрлуулсны дараа Монгол Түмний Үндэсний Их баяр цэнгэл наадмыг нээж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм зочид гийчид ээ, Эрхэм хүндэт наадамчдаа... Монгол түмний их баяр Монгол наадмын гэгээн өдрийн халуун мэндийг наадамчин түмэндээ дэвшүүлье. Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2226 , Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, ардчилсан хувьсгалын 27 жилийн ойн энэ жил тохиож байна. Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэл, өөрөө өөрсдөө эзэн байх их ухаан дээр эх орон минь өөдлөн дэвжиж явна. Тусгаар тогтнолын багана туг сүлд минь цэх байна. Хөдөлмөрч, хичээнгүй Монгол ялж, хөгжил дэвшлийн их замд тэмүүлж байна. Баяр наадмын энэ өдөр ч бид хийж бүтээхээр төлөвлөж буй их ажлаа ярьж, хэлж байх ёстой гэж би бодож байна. Ажилгүйдэл, ядуурал ард түмний амьжиргааг дордуулж, хүлээс болж байгаа зарим өрийн асуудлыг шийдвэрлэхэд би анхаарлаа хандуулна. Эдийн засгаа сэргээн тогтворжуулж, бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхлүүлэх том зорилт бидний өмнө байгаа би наадмын энэ өдөр зориуд дурдаж байна. Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй Монгол наадам маань бидний нэгэн чухал өв соёл билээ. Төрт ёсны их уламжлал, түүх соёлын гайхамшиг, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон Үндэсний их баяр наадам маань дэлгэр зуны сайхан цагт ийнхүү эхэлж байна. Их түүх, хэл соёлоороо бахархан омогшдог Монгол хүн бүрийн сэтгэлд нар гийсэн наадмын сайхан өдөр зон олны минь сэтгэл тэнүүн, цог золбоо дүүрэн морь нь хурдан, бөх нь хүчтэй, харваач нь мэргэн байг. Дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлаж байна. Сайхан наадаарай. Туурга тусгаар улс орон минь хөгжин бадраг. Түмэн олон минь амар амгалан байг ээ хэмээн түүхэн уламжлалт баяр наадмаа эхлүүлж байгаагаа сонордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээж үг хэлсний дараа Төрийн есөн хөлт цагаан тугандаа мөргөж, хүндэтгэл үзүүлэв. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төрийн түшээд, хүндтэй зочид тухлан суусан бол наадамчин зон олон аль эрт цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг дүүргэн байраа эзлэн сууцгаажээ. Улмаар Үндэсний их баяр наадмын нээлтийн хүндэтгэлийн ёслолын ажиллагаа эхэлсэн юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд