НҮБ-ыг шинэчлэх АНУ-ын боловсруулсан тунхаглалд Орос улс гарын үсэг зурахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-18 10:06:36
НҮБ./ТАСС/. Москва НҮБ-ыг хэлэлцээний замаар шинэчлэхийн төлөө байгаа учраас АНУ-ын санал болгосон НҮБ-ыг өөрчлөн байгуулах тунхаглалд гарын үсэг зурахгүй байж магадгүй ажээ. Энэ тухай ням гарагт ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя Оросын "ТАСС" агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

“Дээрх баримт бичигт гарын үсэг зурсан орнуудын тоонд ОХУ орох уу гэсэн асуултанд В.Небензя “Орохгүй байх гэж би бодож байна” гэж хариулжээ. “НҮБ-ын шинэчлэлийг тус байгууллагын гишүүн бүх орнуудын хоорондын яриа хэлэлцээний үр дүнгээр хийх шаардлагатай, шинэчлэл нь тунхаглал батлах замаар бус харин гишүүн бүх орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээний замаар хийгддэг зүйл” хэмээн тэр тайлбарлажээ.

“Америкийн санал болгож буй тунхаглал нь аливаа тунхаглалын адилаар нэг санаа бодолтой хүмүүсийн тунхаг юм. Уг тунхаглалд НҮБ-ын гишүүн бүх орон гарын үсэг зурна гэж бодохгүй байна, учир нь уг тунхаглалыг өмнө нь зөвшилцөх ямар ч ажиллагаа хийгдээгүй” гэж тэр нэмэн хэлсэн байна.

В.Небензя-гийн үзэж байгаагаар, “уг тунхаглалд дэвшүүлсэн санаа нь өнгөц харахад тун аятайхан харагдаж байгаа” аж. “Бид бүгдээрээ НҮБ-ын олон улсын тавцанд гүйцэтгэж буй үүргийг нь дээшлүүлэхийн төлөө байгаа. Тус байгууллагад шинэчлэл хийх хэрэгтэй, гэхдээ харин эрс өөрчлөлт бол шаардлагагүй” хэмээн тэр ярьжээ.

АНУ-ын боловсруулсан 10 заалт бүхий тунхаглал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттеришд тус байгууллагыг “үр ашигтай, зорилгод нийцсэн шинэчлэлийг эхлүүлэхийг” уриалж байгаа юм. “Хүмүүнлэгийн тусламж, энхийн санаачлагуудыг дэмжин хөгжүүлэх ажлаа илүү сайн зөвшилцөх зорилгоор НҮБ-ын бүтцэд тодорхой өөрчлөлт оруулах тал дээр бид Ерөнхий нарийн бичгийн даргыг дэмжиж байгаа” гэж уг баримт бичгийн төсөлд заасныг Их Британийн “Ройтерс” агентлаг иш татан мэдээлжээ.
Тухайлбал, уг тунхаглалд НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас НҮБ-ын ажилтнууд, түүний дотор үндсэн байгууллагуудын орон тоог хорогдуулахыг шаардаж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ыг хөрөнгө мөнгө хэтэрхий ихээр зарж, үр ашиггүй ажиллаж байна гэж тогтмол шүүмжилдэг юм. Сүүлийн саруудад НҮБ-ын томоохон санхүүжүүлэгч АНУ тус байгууллагын хэд хэдэн хөтөлбөрийн санхүүжилтыг хассан байна.
О.Барс 
Холбоотой мэдээ