ОХУ-ын шигшээ багийг Өвлийн Олимпийн наадмаас хасахыг шаардав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-09-19 12:44:39
Москва /МОНЦАМЭ/  Олон улсын допингийн эсрэг хүрээлэнгийн гишүүн орнууд ОХУ-ын шигшээ багийг 2018 оны Өвлийн Олимпийн наадамд оролцох эрхийг түдгэлзүүлэхийг шаардлаа.
Тодруулбал Их Британи, Герман, АНУ, Франц, Нидерланд, Япон гэх мэт  28 улсын допингийн эсрэг агентлагууд нэгдэн Олон Улсын Олимпийн хороо /ОУОХ/-нд ОХУ-ын шигшээ багийг Өмнөд Солонгост болох 23 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадамд оролцуулахгүй байхыг шаардсан албан бичиг хүргүүлжээ.
Учир нь 2014 онд Сочи хотноо болсон Өвлийн Олимпийн наадмаас медаль хүртсэн ОХУ-ын 15 тамирчин сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон юм. Энэ нь шударгаар өрсөлдөж буй бусад тамирчдыг хохироож буй хэрэг хэмээн тэд үзэж байгаа ажээ.
Харин Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ын шигшээ багийг 2018 оны Өвлийн Олимпд оролцуулах эсэхийг 11 дүгээр сард эцэслэн шийдэх юм. Дашрамд дурдахад 23 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам Өмнөд Солонгосын Пхенчан хотноо ирэх хоёрдугаар сарын 9-25-ны өдөр болох юм. Энэ удаагийн наадамд 90 гаруй улсын 2500-аад тамирчин оролцох бөгөөд тэд цана, чарга, бобслей, тэшүүр, хоккей, биатлон, кёрлинг гэсэн үндсэн долоон төрлөөр 98 медалийн төлөө өрсөлдөх юм.
Л.Нандиа
 
Холбоотой мэдээ