УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-13 09:53:29

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” сэдвээр энэ сарын 16-нд Төрийн ордны их танхимд лекц уншина.

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд Д.Лүндээжанцангийн туурвисан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлийг үнэлж бичихдээ, “Доктор Лүндээжанцан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлээд түүнийг батлах, хэрэгжүүлэх зэрэг бүх асуудалд биечлэн оролцож ирсэн нэр хүнд бүхий улс төрчөөс гадна төрийн засаглах эрх мэдэл хуваарилах асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийж, хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалсан нэг сэдэвт зохиол туурвисан том эрдэмтэн юм. Учир иймд энэ асуудлаар доктор Д.Лүндээжанцангийн бүтээл онолын гүнзгий үндэслэлтэй, практикт эрхэм өгөөжтэй, үнэ цэнэтэй болжээ” хэмээсэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номдоо “Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг Үндсэн хуульдаа тунхаглаж бататган тусгасан бол аяндаа хэрэгжинэ гэж үзэж болохгүй. Учир нь сайхь зарчмын шаардлагууд “амьдралын бичигдээгүй хуулиуд”-аар зөрчигдөх нь цөөнгүй” хэмээн Д.Лүндээжанцангийн бичсэнийг ишлэсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 1990 оноос хойш Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй 7 удаа сонгогдон ажиллаж байгаа төрийн түшээ бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга, намын бүлгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын албыг хашсан мэргэшсэн парламентч юм. Тэрбээр 1991-1992 онд Үндсэн хуулийг АИХ-ын хуралдаанаар хэлэлцэхэд Бяраагийн Чимид агсны хамт Үндсэн хуулийн эхийг баригчаар ажилласан бөгөөд одоо тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

УИХ-ын Тамгын газраас жил бүр Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналтны хүндэтгэлийн лекцийг уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээрээ шалгарч Бяраагийн Чимидийн нэрэмжит анхны шагналтан болсон билээ.

Холбоотой мэдээ