Дархан сумын 7 дугаар багийн төв байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-01 16:16:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын 7 дугаар баг 1600 гаруй өрхийн 7000 гаруй хүн амтай. Хүн амд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг багийн төв нь өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн байргүй, өөр багийн төвийн байранд болон аж ахуй нэгжийн байранд түрээсээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Харин багийн захиргаанаас аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөрөө дамжуулан орон нутгийн удирдлагуудад саналаа уламжилж байсны үр дүнд багийн нутаг дэвсгэртээ өөрийн гэсэн байртай болоод байна. Багийн төвийн байрыг орон нутгаас 100 гаруй сая төгрөгөөр бүхэлд нь худалдан авч өгсөн бөгөөд өрхийн эмнэлэг нь ч энэ байранд шилжин иржээ.

Ингэснээр 7 дугаар багийн иргэд нэг дороос төрийн анхан шатны болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо. Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслийн хүрээнд багийн төвийн байрыг засварласнаас гадна аж ахуй нэгж байгууллага, хувь иргэдийн дэмжлэг ч их байсныг багийн дарга Ч.Цэрэннадмид ярьж байна. Мөн багийн төвийн байранд “Иргэний танхим” шинээр нээгдэн, тус танхимд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжсэн “Иргэдийн дуу хоолой” төслөөс шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ