“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал ОХУ даяар өрнөж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-09 17:33:09
Москва /МОНЦАМЭ/. Ялалтын баярын энэ өдөр Аугаа Эх орны дайнд оролцсон ахмад дайчид, амь үрэгдэгсдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн  “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалыг  ОХУ-ын хотуудад болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад болж байна. 
 
Эх орны дайнд ЗХУ 27 сая хүнээ алдсан гашуун түүхтэй бөгөөд дотны хүнээ дайнд алдаагүй орос гэр бүл байхгүй гэж хэлж болно. Тиймээс Ялалтын баярын энэ өдөр эх орноо хамгаалж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх жагсаал 1960 оноос эхлэн зохион байгуулдаг болсон юм.
 
Тэдгээрээс хамгийн түгээмэл дэлгэрсэн нь “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал юм. Уг жагсаал нь анх 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Томск хотод болсон бөгөөд түүнээс хойш зөвхөн ОХУ бус дэлхийн бусад улс оронд ч зохион байгуулах болсон. Өнгөрөгч буюу 2017 онд уг жагсаал дэлхийн 60 гаруй оронд болж  8 сая хүн оролцсон байдаг. 
 
Жагсаалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн оролцдог. Тэрбээр өөрийн аав, Аугаа эх орны дайнд Нева мөрний зүүн эрэгт Ленинград хотыг хамгаалах тулаанд оролцож хүнд шархадсан Владимир Спиридонович Путины зураг болон намтрыг барин ”Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалын тэргүүнд алхдаг.
 Энэ жилийн “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал Москвад Ялалтын баярын өдрийн 15:00 цагт эхэлж 4 цаг орчим үргэлжлэх юм. Ойролцоогоор нэг сая орчим хүн, 25 эгнээ болж оролцох энэхүү жагсаалаар тус хотын төвийн зарим авто зам болон метроны буудлууд үйл ажиллагаагаа түр зогсооно. “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал Москва хотын Ленинградын өргөн чөлөө, Тверская, Ямская гудамж, Улаан талбай, Манежная болон Тверская талбайгаар дамжин Москва голын их гүүр хүртэл үргэлжлэх юм.
 
Л.Нандинцэцэг
 
 

Холбоотой мэдээ