Сирид энхийг тогтоох найдвар буюу Женев-3

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2016-02-01 17:28:20

Өнгөрсөн ням гарагт Швейцарийн Женев хотноо Сири улсад байдлыг тохинуулах асуудлаар Б.Асадын Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ хийж эхэлсэн нь олон улсын амьдрал дахь хамгийн ихээр анхаарал татсан үйл явдал байлаа. “Женев-3” гэж нэрлэгдэж буй уг хэлэлцээний явц наад зах нь хагас жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа ба хэрвээ амжилттай болвоос 2016 оны онцлох үйл явдлын тоонд орох нь гарцаагүй.

Уг хэлэлцээ эхлэхийн өмнө түүнд хэн, хэн оролцох вэ, 400 мянган хүнээ иргэний дайнд алдсан Сири улсад үндэсний эвлэрлийн засгийн газрыг байгуулах боломж бий юу гэдэг талаар тоймчид, ажиглагчид өөрсдийн дүгнэлтийг байнга хийсээр ирлээ.

Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай элч Стаффан де Мистура Сирийн эрх баригчид болон сөрөг хүчний бүлэглэлүүдэд урилга хүргүүлсний дагуу сөрөг хүчнийг төлөөлсөн 17 хүн, түүнчлэн НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар Жаафари тэргүүтэй Башар Асадын засгийн газрын төлөөлөгчид Женевт хүрэлцэн иржээ.

Хэлэлцээ баасан гарагт эхлэх ёстой байсан боловч Сирийн сөрөг хүчний гол байгууллага болох “Хэлэлцээ хийх Дээд хороо”-ны төлөөлөгчид хүрэлцэн ирээгүй тул хойшлогджээ. Энэ хороо өнгөрсөн оны 12 дугаар сард Саудын Арави улсад байгуулагдсан бөгөөд саудчуудаас санхүүгийн дэмжлэг авдаг гэнэ.

Энэ удаагийн хэлэлцээг шууд бус гэж нэрлэж буйн учир нь, сөргөлдөгч талууд нэг ширээний ард суухаас эрс татгалзаж байгаа тул тэдний төлөөлөгчдийг өөр өөр танхимд байрлуулахаас аргагүйд хүрчээ. Ингээд тусгай элч Стаффан де Мистура тэдний хооронд зуучлах үүргийг гүйцэтгэхээр болов. Одоогоор нарийн ширийн зүйлүүдийг хэвлэлийнхэнд мэдээлэхгүй байгаа боловч хүмүүнлэгийн асуудлыг нэн түрүүнд хэлэлцэх болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

Сирийн байдлыг тохинуулах, иргэний дайныг зогсоох талаар өнгөрсөн оны 12 дугаар сард баталсан НҮБ-ын төлөвлөгөө ёсоор бол, зургаан сарын дотор Сирид эвлэрлийн түр засгийн газар байгуулах аж. Харин 18 сарын дотор шинэ Үндсэн хуулийн төслийг Сири даяар ард иргэдээр хэлэлцүүлэн баталсны дараа тухайн хуульд нийцүүлэн  “ардчилсан, шударга сонгууль” явуулснаар улстөрийн шинэчлэл хийнэ хэмээн тусгажээ.                   

Гэтэл яг хэлэлцээ эхэлсэн өдөр Сирийн нийслэл Дамаск хотод хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсны дараа энэхүү террорист халдлага үйлдсэний хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна. 60 гаруй хүн амь үрэгдэж, 110 хүн шархадсан бөгөөд цаашид хохирогсдын тоо өсч магадгүй тухай мэдээллийн агентлагууд уламжилж байна.

Сирийн Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, эдгээр халдлага бол Сирийн асуудлаарх хэлэлцээг тасалдуулах гэсэн улс төрийн бүлэглэлүүдийн оролдлого гэж зэмлэн буруушаалаа.

Яг үүнтэй зэрэгцэн, хэлэлцээ бараг эхлээгүй шахам байхад л талууд хэл ам хийн сөргөлдөж, бие биендээ тунирхаж эхлэв. Зарчмын хувьд бол, яриа хэлэлцээг амжилттай явуулахын тулд талууд ямар нэгэн урьдчилсан болзол тавихгүй гэж тохиролцсон байна. Гэтэл сөрөг хүчнийхэн Женевт ирсэн даруйдаа Башар Асадад хандан “48 цагийн дотор босогчдын отрядуудын эзэлсэн хот суурингуудыг бүсэлсэн бүслэлтээ цуцлах, байлдааны ажиллагаагаа зогсоох” болзлыг тулгажээ. Эл нөхцлийг хүлээн аваагүй тохиолдолд Женевийг орхин Саудын Арави руу буцна гэж сүрдүүлэв.  

Ер нь бол, өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 тоот тогтоолд “сөрөг хүчний хяналтад байгаа хотуудыг Засгийн газрын цэрэг бүслэхээ зогсоох, хоригдож буй хүмүүсийг суллах, энгийн номхон иргэдийн аюулгүй байдлыг хангах” тухай тусгасан ба эдгээр заалтаар түрий барьсан сөрөг хүчнийхэн Женевт ирэхээ хойшлуулсаар байсан юм. Харин НҮБ, АНУ, ОХУ-ын зүгээс ямар нэгэн урьдчилсан болзол тавихгүй байхыг ятгасны үр дүнд сөрөг хүчнийхэн Швейцарьт ирэхээр болжээ. Ялангуяа саяхан Эр-Риядад хүрэлцэн очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Б.Асадыг эсэргүүцэгчдийг Женевт очихыг нэлээд “учирлан ятгасан” нь үүнд нөлөөлсөн байна.   

Нөгөөтэйгүүр, Оросын нисэх хүчний дэмжлэгэд түшиглэж буй Сирийн арми өргөн фронтоор давшилтад орж, уудам газар орныг хяналтдаа авсаар байгаа болохоор Б.Асад энэ ололтоо хадгалан бэхжүүлэхийг чармайж, цэргийн ажиллагааныхаа эрчийг сааруулахыг хүсэхгүй нь мэдээж. Өөрт нь ийм ашигтай цаг мөч ирчихээд байхад сөрөг хүчний байнга тулгадаг дээрх болзлуудыг Сирийн удирдагч хүлээн авна гэдэг нь юу л бол.                                       

Оросын талын тухайд, “Лалын улс” бүлэглэлтэй тулалдаж буй Курдын “Ардчилсан холбоо” намыг хэлэлцээнд оролцуулахыг уриалж байгаа боловч тусгай элч де Мистура курдуудад урилга хүргүүлээгүй байна. Шалтгаан нь, Туркийн эрх баригчдын зүгээс Курдын энэ намыг террорист байгууллага гэж үздэг бөгөөд үүнийг нь НҮБ хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой. Сирийн зүүн хойд нутгийн багагүй хэсгийг хянадаг, тус улсын хүн амын 15 хувийг эзэлдэг курдууд өөрсдийг нь уриагүйд шаралхан “Женев-3 мухардалд орно” гэж мэдэгдэж байна.

Үүний сацуу, оросуудын хувьд, “Ахрар аш-Шам”, “Жейш аль-Ислам” гэсэн хоёр байгууллагыг террорист бүлэглэл хэмээн үзэж Сирийн асуудлыг зохицуулах хэлэлцээнд оролцуулахыг эсэргүүцэж байгаа аж.

Ер нь бол, АНУ болон түүний толгойлсон эвсэлд багтаж буй орнууд Сирийн Ерөнхийлөгч Б.Асадыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууриа урьдын адил хэвээр хадгалсаар байгаа бол ОХУ-ын хувьд, шударга сонгууль явуулсны үндсэн дээр Сирийн ард түмэн удирдагчаа өөрчлөх эсэхээ шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Яг үнэнийг хэлэхэд, энэ удаагийн хэлэлцээ бүтэлгүйтнэ гэж үзэж буй шинжээчид олон байна. “Женев-3” үргэлжлэх явцад Башар Асадыг огцруулах асуудал зайлшгүй сөхөгдөх учраас энэ талаар аль ч тал зөвшилцөлд хүрч чадахгүй. Үүний улмаас одоогоос яг хоёр жилийн өмнө болсон “Женев-2” хэлэлцээтэй адил мухардалд орох тун тааруухан хэтийн төлөв харагдаж байгаа аж.

Гэхдээ хамгийн гол нь, АНУ,ОХУ хоёрын хувьд Сирид байдлыг тохинуулах асуудлаар энхийн хэлэлцээг гадаад хүчин зүйлүүдээс хамаарахгүйгээр ямар нэгэн байдлаар эхлүүлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр сууриа илэрхийлсэн нь тун зөв хандлага мөн.  

                                                                                                                          Б.Адъяахүү                                                                                                                                                               

Холбоотой мэдээ