Гамлет “моно драм” дахин тайзнаа амилна

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.mn
2018-11-15 14:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. У. Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм.

Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.

Тайзан дээр би ганцаараа тоглох ч миний ард бүтэн драмын жүжгийн баг байдаг. “Гамлет” бол дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил. Тиймээс энэ агуу бүтээлийн агуулга, утга санааг хэвээр үлдээж хэлбэр хийц, найруулга, өнцөг, мэдрэмжийн хувьд жаахан өөрчлөлт хийсэн” гэв.

Дэлхийн алдартай сонгодог бүтээлийг Монголд анх удаа, тэр дундаа эмэгтэй хүн “моно” хэлбэрт оруулан тоглож байгаа нь ихээхэн онцлогтой. Учир нь театрын жүжгийн хамгийн хэцүү төрөл болох “моно жүжиг” нь уран бүтээлчээс маш их чадвар, хичээл зүтгэл шаарддаг аж.

“Black Box” театрын жүжигчин, найруулагч МУСТА Л.Эрдэнэ-Очир нь “Шүүдэр дундуур” уран сайхны кино, “Солиорол” моно драм,  “Хоёр ертөнцийн буудал” жүжиг зэрэг олон уран бүтээлээрээ үзэгч олонд танигдсан чадварлаг жүжигчдийн нэг юм.

Холбоотой мэдээ