МАНАН-ын эсрэг жагсаалд 150 гаруй хүн оролцлоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-01-11 10:39:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан улс орон даяар тайюан жагсаалыг зохион байгуулж байна. Энэхүү жагсаалыг Дархан хотод зохион байгуулах талаар Босоо хөх Монгол Дархан салбараас мэдэгдэж Дархан сумын Засаг даргаас зөвшөөрөл авч хуулийн хүрээнд эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгууллаа.

Жагсаал зохион байгуулах хүсэлтдээ 3000 орчим иргэн ирнэ гэсэн болов зуун мянга гаруй иргэдийг төлөөлж 150 гаруй иргэн Найрамдал талбайд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн жагслаа.

Өдрийн 12.00 цагт эхэлсэн уг жагсаалд 35-60 насны иргэдийн төлөөлөл оролцов. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд микрофон нээлттэй хэмээн зарлаж байсан ч цөөхөн иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.

Өдрийн 14.00 цагт өндөрлөсөн МАНАН дэглэмийн эсрэг жагсаалын төгсөлд иргэд зураг самбарыг урж “Дарханчууд бид тэвчиж ханалаа, Тэсэрч байна” “Дарханчууд бидэнд Энхболд биш Эх орон хэрэгтэй” “Энхболд огцор” зэрэг уриаг хэлж эсэргүүцлээ илэрхийллээ.

Түүнчлэн МАНАН-ын эсрэг жагсаалд залуучуудын төлөөлөл болж “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч А.Отгонбаяр оролцож “Халуун элгэн нутаг”, “Төрийн дуулал”-ыг жагсагчидтай хамт дуулав.

Тус жагсаалын аюулгүй байдлыг хангаж аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа.

Холбоотой мэдээ