Ази, Европын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг нотлов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-02-21 08:50:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 20-22-нд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 20-нд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингертэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Энэ үеэр, сайд Д.Цогтбаатар бүс нутагт тулгарч буй томоохон сорилт бэрхшээл болох терроризм, хүчирхийлэлд турхирч буй хэт туйлшрах үзэлтэй хамтын хүчээр тэмцэх, Ази-Европын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүчин чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг нотолж, Азийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Улмаар, терроризм, хэт туйлшрах үзэлтэй тэмцэх асуудлаарх ЕАБХАБ-ын бүс нутаг хоорондын бага хурлыг энэ онд Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг урьсан юм.

Түүнчлэн, соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ЕАБХАБ-ын Азийн түнш орнуудтай хамтран бүс нутгийн семинарыг Улаанбаатарт зохион байгуулах асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ