Засгийн газрын 189 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-01 17:06:55

Төв /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2018 оны 6 сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор өргөн хэрэглээний нийлэг уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-нээс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн дагуу Зуунмод сумын хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 42 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Архуст сумын хүнсний дэлгүүрүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар биечлэн хяналт хийж ажилласан байна.

Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Худалдааны газарт ашиглаж буй 0.035мм-ээс бага шаардлага хангахгүй үзүүлэлттэй уут” гэсэн гарын авлагыг дундын удирдлагын системээр (ДУС) дамжуулан Төв аймгийн нийт суманд хүргүүлжээ. Тус гарын авлагыг сум орон нутгийн гялгар уут хэрэглэдэг аж ахуйн нэгж бүрт тарааж, сурталчлан ажиллах талаар зөвлөмж өгч ажилласан байна.

Мөн дээрх тогтоолыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгөөр торгох талаар зөвлөгөө өгч, сануулан ажиллажээ.

Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт, Архуст, Баяндэлгэр сумын нийт 62 хүнсний дэлгүүрт зөвлөмжийг биечлэн тараасан байна.

Тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд хяналт шалгалтаар 49 буюу 79 хувь нь гялгар уутны хэрэглээ, худалдааг хязгаарласан байна.

Гялгар уутны хэрэглээг бүрэн хязгаарлаагүй иргэн аж ахуйн нэгжийн 13 буюу 21 хувьд нь илэрчээ. Дээрх илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөгөө өгч ажиллахын сацуу төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 5,6,7,8,9 дүгээр сард Төв аймгийн сумдын хүнсний худалдааны газруудад биечлэн шалгалтыг хийж гүйцэтгэнэ гэж Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Энхтуяа мэдээлэл өглөө.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ