Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтад оролцож байна

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-04-26 14:59:35

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хурлын төвд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Энэхүү олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, төлөөлөгчдийн хамт оролцож байна.
Чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцоно.
“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна.

                        
Бүс ба Зам санаачилгын талаар
    Нэг. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

    2017-2021 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас 2017 онд баталсан.  Хөтөлбөрийн гол зорилго нь дэд бүтэц болон аялал жуучлалын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад улс, тэр дундаа хөрш улсын дэд бүтцийн сүлжээтэй холбох, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх явдал юм.

“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2017 оны 5 дугаар сард байгуулсан.  “Хөгжлийн зам" болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сард БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

    Хөгжлийн стратегийг уялдуулах чиглэлээр хоёр талын шугамаар ажиллахын зэрэгцээ ОХУ-тай гурван талаараа хамтран ажиллаж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т 2016 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөлийг хангахад оршино. Хөтөлбөрийн хавсралтад гурван тал хамтран хэрэгжүүлэх 32 төслийг тусгасан.

“Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө хэрэгжилтийг хариуцах механизм байгуулах, хөтөлбөрийн хүрээнд нэн түрүүнд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцоход анхаарч ажиллаж байна. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг хамтран урагшлуулах механизм байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2018 оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан.

БНХАУ-ын Чиндао хотноо 2018 оны 6 дугаар сард зохион байгуулсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дөрөв дахь удаагийн уулзалтын үеэр гурван улсын төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн талаар санал солилцож, хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх чиглэл өгсөн.

2018 оны 12 дугаар сард Улаанбаатарт болсон гурван талын шинжээчдийн түвшний уулзалтаар Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар тохиролцсон. Тухайлбал, төмөр замын “Төв” коридорыг үе шаттай шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Улаанбаатар хотноо гурван талын Хөрөнгө оруулалтын зураг төслийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Хоёр. “Бүс ба Зам” санаачилгын талаар

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгыг 2013 оны 9 дүгээр сард Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ, “21 дүгээр зууны далайн торгоны зам” байгуулах санаачилгыг мөн оны 10 дугаар сард Зүүн өмнөд Азийн орнуудад айлчлах үеэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ хоёр санаачилгыг нэгтгэн “Бүс ба Зам” санаачилга гэж нэрлэх болсон.

Үүнээс хойш “Бүс ба Зам” нь Хятадын гадаад эдийн засгийн стратегийн гол агуулга болж, 2015 оны 3 дугаар сард “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтран байгуулах хэтийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэмээх баримт бичгийг гаргасан.

Энэхүү санаачилга нь энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан суралцах, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санаан дээр тулгуурласан бөгөөд “хамтран хэлэлцэн, хамтран бүтээж, хамтдаа үр ашгийг нь хүртэх” гэсэн гол зарчмыг тууштай баримтална гэж Хятадын тал онцлон тэмдэглэдэг.

“Бүс ба Зам”-ын хүрээний хамтын ажиллагааны гол агуулга бөгөөд тэргүүлэх чиглэлүүд нь бодлогын зохицуулалт, дэд бүтцээр холбогдох, саадгүй худалдаа, санхүүгийн интеграци, иргэд хоорондын хэлхээ холбоо байна гэж тодорхойлсон.

“Бүс ба Зам” санаачилгын хэрэгжилтийн байдал, хүрч буй үр дүн

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл, мэдээллийн албанаас 2018 оны 8 дугаар сард “Бүс  ба Зам” санаачилгын хэрэгжилтийн явцын талаар танилцуулсан байна. Хятадын албаны хүмүүс мэдээлэл хийхдээ: “Санаачилгыг хэрэгжүүлсэн 5 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд санаачилгад идэвхтэй оролцож, хэрэгжилтэд томоохон  ахиц гарлаа. Нэгд, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон улсын нийтлэг ойлголт бэхжиж байна. Хятад улс 103 улс болон олон улсын  байгууллагатай “Бүс ба Зам” санаачлагатай холбоотой 118 хамтын ажиллагааны баримт бичиг байгуулаад байна. Хоёрт,  хамтын ажиллагааны төслүүд урагшилж, үлгэр жишээ үр дүн үзүүлж байна. “6 коридор, 6 зам, олон улс, олон боомт” гэсэн хамтын ажиллагааны хүрээнд Хятад-Пакистаны эдийн засгийн коридор, Хятад-Лаос, Хятад-Тайландын төмөр зам,  Унгар-Сербийн төмөр зам зэрэг төсөл тогтвортой урагшилж, Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэгний төмөр замын тодорхой хэсгийн бүтээн байгуулалт эхэлж, Гвадар боомт үйл ажиллагаа эхлэх боломжтой болоод байна. Хятад-Европ чиглэлийн шууд ачааны галт 10000 удаа аялж,  Европын 15 улсын 34 хотод хүрээд байна. Гуравт, харилцан ашигтай хамтын ажиллагаа урагшилж, хамтаар хөгжиж байна. 2018 оны 6 дугаар сарын байдлаар, “Бүс ба Зам”-ын дагуух орнуудтай барааны худалдааны эргэлт 5 триллион ам.долларт, шууд хөрөнгө оруулалт 70 тэрбум ам.долларт хүрлээ. Дөрөвт, үйлчилгээний тогтолцоо сайжирч, санхүүгийн хамтын ажиллагаа бэхжиж байна. Хятад улс 17 улстай “Бүс ба Замын санхүүжилтийн зарчим”-ыг тохиролцож, Хятадын 11 банк гадаад орнуудад 71 салбараа нээгээд байна. Тавд, хүмүүнлэгийн солилцоо идэвхжиж байна. 2017 оны байдлаар “Бүс ба Зам”-ын дагуух орнуудаас 300 мянган оюутан Хятадад суралцаж байгаа бол Хятадаас 60 мянга гаруй оюутан эдгээр оронд суралцаж байна. 2020 он гэхэд, “Бүс ба Зам”-ын дагуух орнуудад аялах жуулчдын тоо 85 саяд хүрч, аяллын зорилгоор зарцуулах мөнгө 110 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарч байна” гэжээ.

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын тухай

2017 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний анхдугаар уулзалтад дэлхийн 130 улс болон олон улсын 70 байгууллагын 1500 гаруй төлөөлөгчид, түүний дотор 29 орны төр засгийн тэргүүн нар оролцсон. Чуулга уулзалтад оролцсон төр, засгийн тэргүүн нарын Дугуй ширээний уулзалтаас Хамтарсан хэвлэлийн мэдээ гаргасан.

    БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийхдээ “2017 онд зохиосон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний анхдугаар уулзалтын хүрээнд 279 тодорхой тохиролцоонд хүрсний хэрэгжилт 96.4 хувь байна” гэжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдээлэл хийхдээ: “ 2019 оны 4 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Бээжин хотноозохион байгуулагдах “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь  удаагийн уулзалтад дэлхийн 150 улс болон олон улсын 90 байгууллагын 5000 гаруй төлөөлөгчид, түүний дотор 37 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУВС-гийн гүйцэтгэх захирал нар, мөн Герман, Их Британи, Испани, Өмнөд Солонгос, Франц, Япон, Европын холбооноос өндөр түвшний төлөөлөгчид оролцоно. Гадаад орны төлөөлөгчид дэлхийн 5 тив, бүх бүс нутийн засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл багтаж байна. Бизнес эрхлэгчдийн уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Төр, засгийн тэргүүн нарын Дугуй ширээний уулзалтаас Хамтарсан хэвлэлийн мэдээ гаргана, хятадын тал чуулга уулзалтын үеэр хүрсэн бүхий л тохиролцоог нэгтгэсэн “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах нь: Ахиц, хувь нэмэр, хэтийн төлөв” хэмээх тайлан гаргана” гэжээ.             

                                                                                                                                                                                        А.Анхбаяр

Холбоотой мэдээ