Торгоны зам дагуух орнуудын гаалийн шаардлагыг хялбаршуулах санал дэвшүүлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-04-30 12:40:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын бага хуралд оролцож байна.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус бага хурлын нээлтэд үг хэлж, “Олон улсын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь “Бүс ба Зам” санаачилгын амжилтын үндэс” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцлоо. Мөн бага хурлын төлөөлөгчидтэй Торгоны замын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагыг харилцан уялдаатай хялбаршуулах санал дэвшүүлж, хэлэлцүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.



Энэ удаагийн бага хуралд Австри, Азержбайжан, Беларусь, Монгол, Итали, ОХУ, Серби, Швейцарь, Туркийн парламентын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч нар оролцож, Торгоны зам дагуух орнуудын хөрөнгө оруулалт, дамжин өнгөрөх тээвэр, аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Бага хурлын дүнгээр төлөөлөгчдийн сонирхол, байр суурийг нэгтгэсэн Минскийн тунхаглал гаргах юм.

Холбоотой мэдээ