Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэхээр судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-28 18:19:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайланд Улсын Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай энэ сарын 28-нд уулзав.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийгмийн шилжилтийн хүнд, хэцүү цаг үед АНДЭЗНК-оос Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг тэмдэглэж, аливаа асуудалд улс орнуудын эрх тэгш оролцоог хангадаг НҮБ-ын байгууллагын санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн байгаль орчин, худалдаа, тээвэр, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулахад дээрх салбарын мэргэжилтнүүдийг комиссын холбогдох хэлтсүүдэд дадлагажуулах, мэргэшүүлэхэд туслахыг хүсэв.


АНДЭЗНК-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана комиссын чуулганыг амжилттай даргалж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдад баяр хүргэж, талархал илэрхийлэв. АНДЭЗНК-ын санаачилсан Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрт манай улсыг нэгдэх асуудлыг судлахыг санал болгосон бөгөөд талууд энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов.


Комиссын дэмжлэгтэйгээр Азийн автозамын дагуу авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсны зэрэгцээ сүүлийн жилүүдэд манай улс худалдааг хөнгөвчлөх Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай улс АНДЭЗНК-той худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурал, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт Азийн улс орнуудыг нэгтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Холбоотой мэдээ