Эртний домог, орчин үеийн бодит амьдралыг хослуулсан бүтээлүүд дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Түвдэндоржийн Нурмаажав “Хэмнэл” бие даасан үзэсгэлэнгээ ХААН Галерейд нээгээд байна. Монголын эртний домог болон орчин үеийн бодит амьдралыг хослуулсан утга агуулгатай бүтээлээрээ өөрийн гэсэн өвөрмөц онцлог, орон зайг бий болгосон зураач бүсгүй 2002 оноос хойш долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ.
“Тасралтгүй урсах цаг хугацааны аясаар хувьсах нүүдэлчдийн түүх, эрин цагийн хөгжлийн явцад энэхүү соёлын ай савд багтах хэн бүхэн эртнээс өдгөөг хүртэл улбаалан хадгалж ирсэн уламжлал, хэл, заншил, сүнслэг сэтгэлгээнийхээ үрээр дэлхийд Монгол хэмээх өвөрмөц нэгэн түүхийг бүтээлцэж буйдаа баяртай байдаг.
Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанар, бидний зүрх сэтгэлд хэзээд сэрүүн орших өвөг дээдсийн адил үргэлжилсээр Монгол хэмээх энэхүү гайхамшигт нэрийг өндөрт өргөж, нандигнан хайрлах ёстой хүмүүс бол бид өөрсдөө. Хадгалах ер бус амьд мөн чанар, өвлөх арвин баялаг туурвил, соёл уламжлал, заншил бүрээ хойч үедээ хэрхэн өвлүүлж тэр бүхэн нь хэтдээ хэрхэн хадгалагдах, уламжлагдах билээ хэмээсэн бүтээлч хүний гэгээн гуниг, мэдрэмтгий эмзэг совинт шаналал минь зүрхний хэмнэлд хэмгүй оршсоор ирсэн чин сэтгэлээ уудлан дэлгэсэн ХЭМ ХЭМНЭЛ, ХӨДӨЛГӨӨН, ЧИМЭЭ, ОРШИХУЙ, ЭС ОРШИХУЙ, ӨӨРЧЛӨЛТ, МЭДРЭМЖ цуврал бүтээлээ та бүхэнд толилуулж байна” гэж Т.Нурмаажав ярилаа.
“Хэмнэл” үзэсгэлэн энэ сарын 7-27-ныг хүртэл ХААН Банк Цамхагийн 3 дугаар давхарт байрлах ХААН Галерейд гарч байна.