Номын сангууд уншигчийн үнэмлэх, музейнууд үзвэрийн эрх олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна.
Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, УДЭТ-ын дарга, МУУГЗ Б.Цэрэнсамбуу болон Ардын жүжигчин, гавьяатууд оролцлоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах, бодлого үйл ажиллагааг сурталчлах, соёл, урлагийн байгууллагын иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах, урлаг, соёлын үйлчилгээг иргэдэд нэг дороос хүртээх, соёл, урлагийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилготой энэ өдөрлөгийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар зохион байгуулж байна. Өдөрлөгийг Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Улсын хүүхэлдэйн театр, Соёлын өвийн төв, Монголын үндэсний музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг 25 байгууллага өнгөлж байлаа.
Соёл урлагийн байгууллагууд өөр өөрсдийн асар майханд дэлгэрэнгүй танилцуулга хийж байв. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр театрын тоглолт, үзвэр үзэх эрхээр шагнах, азын сугалаагаар урамшуулах, номын сангууд уншигчийн үнэмлэх нээх, музей үзэх эрх олгох зэргээр сонирхол татсан үйлчилгээнүүд ч үзүүлж байна.
Д.Отгонцагаан