Хүний наймаа, терроризмтой тэмцэхэд ЕАБХАБ-тай хамтарна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-06-21 19:24:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчилж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингерийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр талууд Монгол, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хооронд эрчимтэй хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд үүний нэг тод илрэл нь энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болж буй “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн бага хурал болохыг онцлов.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага чухал үүрэгтэйг онцлоод хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер хүний наймаа, авлига, терроризм болон мөнгө угаахтай тэмцэх, кибер аюулгүй байдлын хангахад Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллах, албан хаагчдыг чадавхжуулахад дэмжихээ хэллээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 26-30-нд соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын түнш орнуудад зориулсан семинарыг Улаанбаатар зохион байгуулах юм. Мөн “Мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан цагдан сэргийлэх, хууль сахиулах үйл ажиллагаа” сургалтыг энэ аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ