"Их говийн тэмээ-2019" тэмээчдийн баярыг Цагаан суваргад зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-16 21:05:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд дотоод, гадаадын аялагч, жуулчдад зориулсан “Хотод ойрхон говь” цуврал үзүүлбэрүүдийг аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудад түшиглэн зохион байгуулсны нэг нь  “Их говийн тэмээ- 2019” тэмээн сүргийн баяр юм.  Их говийн тэмээчдийн тэмээн сүргийн энэхүү баярын үйл ажиллагааг Өлзийт сумын нутагт байрлах байгалийн үзэсгэлэнт газар “Цагаан суварга”-д зохион байгуулжээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Дундговь аймгийн дэвшүүлсэн зорилтуудын нэг. Тиймээс дэлхийд ховордож байгаа тэмээ, тэмээчдийн соёл, аж байдлыг жуулчдад төдийгүй залуучуудад сурталчлан таниулах нь тэмээн сүргийн баярын зорилго юм. 

Энэхүү баярын үеэр их говийн тэмээчдийн дунд Бүдүүн тэмээний болон Торомны уралдаан, Ганган хос шалгаруулах, буйл, бурантаг томох тэмцээн, Тэмээн аялал зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулж, Солонгос, Испани, Герман зэрэг орны 200 гаруй жуулчин үзэж сонирхжээ.

Бүдүүн тэмээний болон торомны уралдаанд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын тэмээчид тэмээнийхээ хурд, хүчээр тэргүүлжээ. Бүдүүн тэмээний уралдаанд тус сумын А.Цогтбаярын хар тэмээ түрүүлж, мөн сумын Д.Алдарсайханы улаан тэмээ, С.Эрдэнэначингийн ногоон тэмээ удаах байруудад орсон бол торомны уралдаанд Д.Алдарсайханы шар, Б.Буянжаргалын шар, С.Эрдэнэначингийн ногоон тором эхний гурван байрт тус тус шалгарсан байна.

Их говийн тэмээн сүргийн баярын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, ХХААГ, БТСГ, БОАЖГ, "Говийн шуранхай" аялал жуулчлалын холбоо, “Цагаан суварга” жуулчны бааз хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь тус аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татахад ихээхэн ач холбогдолтой ажил болжээ.

Дундговь аймаг 2018 оны жилийн эцэст 39.6 мянган тэмээ тоолуулж, улсын хэмжээнд тэмээнийхээ тоогоор тавдугаарт жагссан ажээ. 

Холбоотой мэдээ