Н.Баттулга: Модны ураар хийсэн эдлэл бат бөх, үзэсгэлэнтэй, ширхэг нь дахин давтагддаггүй

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-10 22:37:48
Увс /МОНЦАМЭ/. Модны ур ашиглаад төрөл бүрийн модон аяга, таваг, халбага, айргийн хул зэрэг бүтээгдэхүүн урладаг Намгарын Баттулгатай ярилцлаа. Түүний хувьд мод чулуу, сур шир, алт мөнгө зэргийг ашиглаад юу л бол юуг урлаж чаддаг торгон мэдрэмжтэй, гарын уртай, авъяаслаг нэгэн. Н.Баттулга урин дулаан цаг ирэхээр өөрийнхөө удирдсан бригадын хамтаар энд тэнд уригдаж томоохон барилгуудын дээвэр тавих ажлыг гардан гүйцэтгэдэг. Харин өвөл болохоор гэртээ суугаад сийлбэрийн ажлаа тухтайхан хийдэг байна.  
Түүний эхнэр З.Дэлгэр юм оёж урлахаас гадна хашаандаа төрөл бүрийн хүнсний ногоо, жимсний мод тарьж ургуулдаг. Бас тарьсан ногоогоо дарж нөөцөлж, амт чанар сайтай хоол унд хийчихдэг, ямар л бол ямар утсан хөгжим тоглож чаддаг гээд ёстой л юм юмны захтай, “элдэвтэй эхнэр, нөхөр” хоёр доо. Хашааных нь талбайн хэмжээ 540 метр квадрат бөгөөд үүнээс хоёр давхар хувийн сууц, амбаар сав, ажлын байр, цементен явган хүний зам зэргийг хасахаар ердөө 300 орчим метр квадрат газар үлдэх бөгөөд энд төрөл бүрийн жимсний мод, хүнсний ногоо, гурван төрлийн нарийн ногооны хүлэмж бий. Зай талбай гэгчийг ёстой л нэг ашиглах шиг болсон байдаг. Ийм л ажилсаг хөдөлмөрч, бүтээлч нэгэн гэр бүл Улаангомчууд бидний дунд амьдарч байна. За ингээд олныг эс нуршиж, сийлбэрч Н.Баттулгын ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?
-Би 1974 онд Малчин суманд төрсөн. Ах дүү наймуулаа. Аав маань нэгдлийн мужаан, харин ээж маань ахуйн үйлчилгээний чанарын бригадад ажилладаг байсан. Миний хувьд багаасаа аавынхаа багаж хэрэгсэл дээр ажиллаж сурсан. Наймдугаар ангид байхдаа сургууль, сум, бүсийн сумдаасаа шалгарч Аймгийн ажил мэргэжлийн уралдаанд оролцоод хүрэл медаль хүртэж байлаа. Тэгэхэд сураар чөдөр, ногт зангидаж уг уралдаанд оролцсон. 1990 онд 8-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод зургаан сарын хугацаатай алт мөнгөний дарханы курст явж сурсан. Түүнээс хойш нэг хэсэг сумандаа алт мөнгөний дарханаар ажилласан. Гэвч бие өвдөж, бас олигтой орлого олохгүй байсан тул алт мөнгөөр юм хийхээ больж, морин хуур, сүүний цацал гэхчлэн модоор юм хийх болсон. 2001 онд аймгийн төвд шилжиж ирэхдээ өвлийн идэшнийхээ ясаар шатар сийлж байлаа. 
Зуны улиралд хөдөө гадаа агаар салхинд явж барилгын дээврийн ажил хийдэг. Сүүлийн 10 гаруй жил Увс аймагт барьж байгаа томоохон барилгуудын дээвэр тавих ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хамтраад баг болоод ажилладаг гар нийлсэн хэдэн хүнтэй.
-Хэдийнээс модны ур ашиглаж бүтээл урлах болсон бэ?
-Хамгийн анх 2008 онд модны ур ашиглаж урласан айргийн хулыг маань тухайн үед манай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлахад аймгийн захиргаанаас худалдан авч бэлэглэж байсан. Анхны бүтээлийг минь Увс аймгаа төлөөлөөд улсын Ерөнхийлөгчид өгсөн нь надад их урам хайрласан. Түүнээс хойш 10 гаруй жил модны ураар төрөл бүрийн бүтээл урлаж байна.
Модны ур гэдэг нь бие биетэйгээ наалдаад ургачихсан нэг төрлийн модны өвчин юм л даа. Уулын өчнөөн модон дотор 4-5 модонд л ийм ур байдаг. Тэр дотроос бүтээл болох нь ганц нэг л байна. Маш ховор материал. Хамгийн гол нь ямар нэгэн эдлэл хийвэл маш бат бөх бөгөөд үзэсгэлэнтэй болдог. Ширхэг нь дахин давтагдахгүй. Тухайлбал, нэг аяга хийлээ гэхэд тэр аяганы ширхэг дахин хэзээ ч давтагдахгүй. Миний хувьд алтнаас ч үнэтэй эд. Жилдээ 10-15 бүтээл урладаг гэхээр 2008 оноос хойш нийтдээ 100 орчим бүтээл хийсний ихэнхийг нь борлуулж, заримыг нь хүнд бэлэглэсэн. Модны ураар хийхгүй зүйл гэж байхгүй. Зөв хэлбэртэйгээр нь аяга тавга, сонин хэлбэр дүрстэйгээр нь ембүү, аяганы суурь, халбага гэхчлэн юу гарч болохоор байна, түүнийг нь сайн ажиглаж байж бүтээлээ хийдэг.
Айрагны сөн, халбага, том жижиг хул, махны цар, идээний таваг гэхчлэн 4-5 зүйл нэг хос болдог. Нэг хос нь хамгийн хямддаа 5 сая, за тэгээд мөнгөлчих юм бол 15 сая төгрөг болдог. Харин мөнгөлөөгүй бол арай хямд. Гэхдээ л нэг аяга гэхэд 150 мянган төгрөгөөс буухгүй шүү дээ. Хүмүүс ихэвчлэн хосоор нь авах дуртай байдаг. Анхандаа эрэлт муутай байсан бол гар аргаар хийсэн, дахин давтагдахгүй, үнэ цэнтэй зүйл гэдгээр нь сүүлийн жилүүдэд хүмүүс их захиалга өгөх болсон. Аймаг орон нутагтаа болон хот хүрээнд гээд хаа саагүй л борлуулж байна. 2012 оноос эхэлж Улаанбаатар хотод Алтангэрэлийн “Арт хаус музей” үнэт эдлэлийн үзэсгэлэнд гурван жил дараалан цагаан сарын өмнө бүтээлээ авч очиж оролцсон.
-Өөрийнхөө урласан бүтээлээр ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцож байсан уу?
-2011 онд болсон Ардын урлагийн их наадамд аймгаасаа шалгарч, Улаанбаатар хотод очиж оролцоод хүрэл медаль хүртсэн. 2018 онд Хүй долоон худагт болсон “Нүүдэлчний соёл” тэмцээнд оролцоод Улсын тэргүүний ардын авъяастан цол тэмдгээр шагнуулж байлаа. Улсаас авсан хоёр том шагнал гэвэл энэ хоёр. Мөн “Увс түншлэл” үзэсгэлэн худалдаанаас тэргүүн байр нэг удаа авч байсан. Аймагтаа болж байгаа үзэсгэлэн худалдаануудад жил бүр оролцох сонирхолтой байдаг ч зарим жил хотынхтой давхцаад, эсвэл бэлэн бүтээл байхгүйгээс оролцож чадахгүй үе бий. Энэ жил орон нутгийнхаа “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд ширээний ком хэрэглэл хийж оролцоно. Олон төрлийн бүтээгдэхүүн хийж чадвал Ч.Буянтогтох багштайгаа хамтраад үзэсгэлэн гаргая гэж бодож байгаа. Энэ хүн миний чулуун сийлбэрийн багш, харин би түүний модны ур сийлбэрийн багш. Харилцан бие биедээ багшилдаг болохоор хамтраад үзэсгэлэн гаргана. Материал хангалттай, үйлчлүүлэгч бэлэн. Хамгийн гол нь хугацаандаа амжиж олон төрлийн бүтээгдэхүүн хийх л хэрэгтэй байгаа. Манай аймагт модны ураар эд хийдэг хүн одоохондоо Ч.Буянтогтох бид хоёр л байна. Сонирхогчид бол олон байгаа байх.
-Модны ураар хийсэн бүтээл хүний эрүүл мэндэд ямар ач тустай вэ?
-Дан модоор хийсэн болохоор байгалийн гаралтай, эко бүтээгдэхүүн. Хүний биед ямар ч хор нөлөөгүй. Хүүхэд байхдаа настай хүмүүсийн гэрт орохоор модон тагшид л хоол цай идэж харагддаг байсан. Дээр үеийн хүмүүс элдэв төрлийн өвчин хуучгүй, урт удаан насалдаг байсан нь өдөр тутамд модон аяга, халбага, тавгыг хоол хүнсэндээ хэрэглэдэг байснаас үүдэлтэй гэдэг.
Миний хувьд захиргаадалтын үед мод бэлтгэлийн талбай байсан ойгоос очиж модны ураа олж авдаг. Нэг ёсондоо өсөлт ургалт нь зогсчихсон, хаягдал бүтээгдэхүүн авч байгальд цэвэрлэгээ хийдэг гэсэн үг. Байгальдаа ургаж байгаа модны урыг авах шаардлагагүй. Түүнийг авбал дор хаяж 3-5 жил хатаах шаардлага тулгардаг. Тэгээд ч уртай мод гэдэг чинь догшин мод тул хамаагүй авахаас их айдаг. Надад одоохондоо модны урны нөөц хангалттай байгаа.
Миний хувьд хамгийн ойрдоо гэхэд 100 гаруй км явж байж хар модтой ууланд очдог. Тэгээд дор хаяж гурван өдөр ой самнаж байж аз таарвал 5-10 уртай мод олно. Түүнээс бүтээл урлах боломжтой нь тун цөөхөн. За тэгээд, өнөөхөө нойтон бол гурван жил, хуурай бол 6 сараас 1 жилийн хугацаатай хатааж байж бүтээгдэхүүн хийдэг. Ийм болохоор үнэ өндөртэй байдаг. Хэрвээ нойтноор нь хүнд юм хийгээд өглөө гэхэд маргааш нь цуураад, эсвэл татаад сэнсрээд ирвэл өчнөөн хөдөлмөр гаргаж хийсэн надад ч хэцүү, өнөөх худалдаж авсан хүндээ ч хэцүү болно. Иймээс эргэж надад ирэхээргүй, материалын болон хийцийн хувьд ямар нэгэн алдаагүй бүтээгдэхүүн хийхийн төлөө хичээж ажиллаж ирсэн. 
-Аймаг орон нутгаас таныг дэмждэг үү?
-2014 онд Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 20 сая төгрөгийн зээлийг нэг удаа авч байсан. Хол ойрын зочин гийчин манай аймагт ирэхээр бэлэг дурсгалын зүйл надаас авдаг байсан. Сүүлийн гурван жилд авсангүй. Өөр чиглэлийн юм өгөөд байна уу, эсвэл удирдлагаасаа болж байна уу гэдгийг бүү мэд.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр, 4 хүүхэдтэй. Том хүү маань тусдаа гарсан. Нэг оюутан, хоёр сурагчтай. Эхнэрийг маань Зодовын Дэлгэр гэдэг. Манай хадам ээж МУСТА, хуурч Ж.Хумбаа гэж хүн бий. Миний эхнэр ч гэсэн төрөл бүрийн утсан хөгжмийг тоглож чаддаг. Хүүхдүүдээс маань том охин Сувд гарын уртай. Одоо СУИС-д хувцас дизайны чиглэлээр сурч байгаа бөгөөд юм оёх, зураг зурах, сийлбэр хийх дуртай. 
-Танай хашаа зай талбай багатай мөртлөө маш гоё тохижилттой юмаа. Яаж ингэж тохижуулаа вэ?
-Хашааны тохижилтыг эхнэр хийж байгаа. Манай хашаанд давжаа алим, чавга, үхрийн нүд, чацаргана, гүзээлзгэний модноос гадна 4-5 төрлийн цэцэг ургаж байгаа. Мөн хүлэмжинд помидор, өргөст хэмх, чинжүү бий. Байцаа, лууван, сонгино, салат навч, гоньд зэрэг хүнсний ногоо тарьж, хүүгийнхтэйгээ хамт хоёр айлын жилийн хэрэгцээг хангалттай хангаж байгаа. Манай хашааны хэмжээ 540 метр квадрат. Үүнээс явган хүний цардмал зам, байр, гэрийг хасахаар 300 орчим метр квадрат талбайд юм тарьж ургуулж байгаа. Ашиглаж чадахгүй байж том талбайны хэрэг байхгүй. Ашиглая гэвэл нэг айлд 200 метр квадрат талбай хангалттай. Манайх 2015 онд аймгийн “Соёлч өрх”-ийн нэгээр шалгарч, өргөмжлөл хүртэж байсан.
-Сүүлчийн мөчийг танд үлдээе?
-Аав маань Балиан Намгар гэдэг хүн атлаа “Мужаан Намгар” болтлоо улсад ажилласан. Мөн миний нагац аав Д.Чулуун гэж Тэс сумандаа алдартай дархан хүн байсан. Энэ хоёр хүний гарын ур дүйг өвлөж, үргэлжлэл нь болж өдий дайтай яваадаа үргэлж баярлаж, бахархаж байдаг. Мөн манай сумын сургуулийн хөдөлмөрийн багш Хашбаатарт талархаж явдаг. Тэр хүн миний үеийнхнийг амьдралд сургасан юм. Та нар ядаж алх, сүхээ ишлээд сурчих, ирээдүйд өрх гэр толгойлохоор чинь хэрэг болно гэж зааж захидаг байлаа. Одооны технологийн багш нар ч гэсэн хүүхдүүдийг ингэж амьдралд сургамаар байна.  
-Танд баярлалаа.
Холбоотой мэдээ