НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-04-12 12:44:21

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган "Хөгжлийн бодлого дахь хүн ам зүйн нотолгоог бэхжүүлэх нь" сэдвийн дор энэ сарын 11-15-нд Нью-Йорк хотноо болж байна.

2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн 17 зорилт, 169 дэд зорилтыг баталсантай холбогдуулан үр дүнг нь хянахад хүн ам зүйн мэдээллийн чанар, хамралтыг сайжруулах нь чухал болоод байна. Нэн ялангуяа хүн амын тооллого, иргэний бүртгэл, мэдээлэл, судалгааны тоон мэдээг хүртээмжтэй болгож, задаргааг нь нарийвчилснаар хүн амын бүлгүүдийн ялгааг илрүүлж, тэгш бус байдлыг арилгах арга замын талаар гишүүн улсууд хэлэлцэж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С. Сүхболд, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа, ЭМСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С. Төгсдэлгэр, мэргэжилтэн Б.Янжмаа, БТГ-ын зөвлөх В. Өлзийбаяр нар оролцож байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд С. Төгсдэлгэр үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсад хүн амын хөгжлийн асуудлаар НҮБ-ын Хүн амын сангийн үзүүлж буй тусламж дэмжлэгийг өндрөөр үнэлж, УИХ-ын тогтоолоор баталсан Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар мэдээллээ. ТХЗ-ыг хянах үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, холбогдох мэдээг цуглуулахад үндэсний статистикийн тогтолцоог бэхжүүлэх, улс орны нөхцөл байдалд тохирсон шинэ технологи нэвтрүүлэх, үүний тулд олон улсын дэмжлэг туслалцааг дайчилж, мэдээний нууцлал, аюулгүй байдлын талаарх үндэсний хууль тогтоомжтой уялдуулахын чухлыг онцлов хэмээн ЭМСЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ