АНУ, Куба хоёр агаарын харилцааг хэвийн болгох хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-23 12:00:32

ВАШИНГТОН. /TASS/. АНУ болон Куба хоорондын агаарын харилцааг хэвийн болгох хэлэлцээг тус хоёр орны Засгийн газрын албаны хүмүүс есдүгээр сарын 28-29-нд хийхээр төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба мэдээлжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдээлснээр, тус улсын байгууллага хоорондын төлөөлөгчид “иргэний агаарын тээврийн асуудлаарх техникийн хэлэлцээ хийхээр” Гаванаг зорино. Америкийн төлөөлөгчдийг тус улсын Төрийн нарийн бичгийн даргын эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан туслах Чарльз Ривкин тэргүүлнэ.

“Кубатай агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх асуудал нь Барак Обамагийн шинэ бодлогын төвд байгаа” болохыг АНУ-ын гадаад бодлогын байгууллага онцлон тэмдэглэсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, Ривкин тэргүүтэй төлөөлөгчид Кубын түншүүдтэйгээ уулзаж, хоёр орны хооронд агаарын тээврийн төлөвлөгөөт үйлчилгээг бий болгох боломжийг судлах, мөн агаарын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд