Шороон гахай жилд Увс аймагт хийсэн онцлох ажлууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-13 14:38:55

Увс /МОНЦАМЭ/. Шороон гахай жилд тус аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд цөөнгүй хийсэн бөгөөд үүнээс доорх ажлуудыг онцолж байна. Үүнд:

Увс аймаг Улаанбаатар хоттой засмал замаар холбогдлоо

Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын Зүүн хаяа чиглэлд тавигдсан 135,7 км хатуу хучилттай авто замын ажил өнгөрсөн оны 11-р сард дуусч, ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр Увс аймгийн төв Улаангом сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Увс-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сумын 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд, Ховд аймгийн хойд сумд, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумын ард иргэд хот хооронд хатуу хучилттай авто замаар ая тухтай зорчих боломж нээгдээд байна. 


Улаангом сумын гэр хороолол дундуур инженерийн шугам сүлжээ татаж байна

Улаангом сумын 4, 5, 6, 11 дүгээр багийн гэр хороолол дундуур инженерийн шугам сүлжээ татах дэд бүтцийн ажил 2019 онд өрнөлөө. Энэ хүрээнд өнгөрсөн оны Орон нутгийн төсөвт 9 тэрбум төгрөгийг суулгасан бол 2020 оны төсөвт мөн 9 тэрбум төгрөгийг нэмж суулгаад байна. Ингэснээр Улаангом сумын 4, 5, 6, 11 дүгээр багууд яндангүй, нүхэн жорлонгүй, орчин үеийн гэр хороолол болж, хөгжлийн дараагийн шат буюу дахин төлөвлөлтдөө шилжинэ.


Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоор газар тариалан  эрхлэгчид 26 мянган тн ургац хурааж авлаа

Увс аймаг 1993 онд 27.9 мянган тонн үр тариа хураан авч байжээ. Аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Улаангом, Баруунтуруун, Тариалан, Түргэн, Сагил сумын газар тариалан эрхлэгчид 2019 онд Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоор буюу 26 жилийн дараа анх удаагаа 26 мянган тонн үр тариа хурааж авлаа. 2018 онд ОХУ-аас Барнаулын үр үржүүлгийн Алтайская 70 сортын үр 100 тонн, Алтайская 75 сортын үр 200 тонныг оруулж ирж, үрийн шинэчлэлт хийснээр ийнхүү 26 жилийн өмнөх амжилтаа давтлаа.


ДНБ-ний өсөлтөөрөө баруун бүсээ тэргүүлж байна

Увс аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оноос хойш өнөөг хүртэл 21.8 хувиар өсч, өрсөлдөх чадварын хэд хэдэн гол үзүүлэлтээр баруун бүсдээ тэргүүлж байна. Аймгийн ДНБ 388 тэрбум төгрөгт хүрч, баруун бүсдээ тэргүүлэхэд гол нөлөө үзүүлсэн салбар бол хөдөө аж ахуйн салбар байлаа. Үүнээс гадна аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар томоохон дэм болсон бөгөөд 2019 онд Боршоогийн боомтоор ОХУ-ын 45 мянга гаруй иргэд орж гарсан байна. Мөн аймгийн ард иргэдийн хадгаламж 116 тэрбум төгрөгт хүрч, 2015 оноос бараг хоёр дахин нэмэгдээд байна. 


Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг боллоо

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, 2018 оны ажлаараа Увс аймаг “Монгол Улсын Шилдэг аймаг” боллоо. Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудаас 9 байгууллага 2018 оны ажлаараа Монгол Улсын хэмжээнд эхний гурван байрт орсон нь Увс аймаг “Монгол Улсын Шилдэг аймаг” болоход ихээхэн дэмжлэг болсон юм.


Тэс хэвшлийн адуу, Өлгийн улаан ямааг үүлдэр болгон батлууллаа

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлийн хурлаар Тэс хэвшлийн адууны тодорхойлолтыг хэлэлцэж, хурд-уналга-эдэлгээний “Тэс үүлдэр” болгон баталлаа. Тэс адуу нь бие томтой, мах ихтэй, уналгын чадвар сайн, хурдан зэрэг сайн чанаруудаар бусад угшил, хэвшил, үүлдрийн адуунаас ялгаатай. Уг адуу нь Тэсийн голын сав газрын байгаль, орчны нөхцөлд тухайлбал өвөл цас их унадаг, -40-50 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь +40 хэм хүрч халдаг, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон бөгөөд бие том, чацархаг, урт өтгөн дэл сүүлтэй, сахлаг хөөвөртэй, том далбагар туурай, цээжин бие, хөл мөч сайн хөгжсөн, хурдны шинж илүү тод илэрсэн байдаг байна.

Өлгийн улаан ямаа нь бие томтой, мах, ноолуур сайтай, уул тал, говийн хосолмол бэлчээр ашиглан тарга хүч сайн авдаг онцлогтой. 1996 онд “Өлгийн улаан омог” болгон баталгаажуулж аймгийн хэмжээнд үндсэн сайжруулагчаар ашиглаж байсан бол ХХААХҮ-ийн Сайдын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-60 дугаар тушаалаар “Үүлдэр” болгон баталж, Монгол Улсад шинээр зохион бүтээсэн мал амьтны улсын бүртгэлд бүртгэж Гэрчилгээ олголоо.


Үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж байна

Аймгийн бүх шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, тэдний санал, зөвлөмжийг судалж, бодлого шийдвэрт тусгах, иргэдэд төрийн болон бусад төрлийн цогц үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийг аймгийн төвд ажиллуулж байна. Тус төвөөс ард иргэд 160 гаруй төрлийн үйлчилгээг авах боломжтой. Өнгөрөгч 2019 онд тус төвөөр өдөрт давхардсан тоогоор 300-350 иргэн, сард 7700, жилд 79250 иргэн үйлчлүүлсэн байна.


Аймгийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг барьж байна

Улсын төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр барьж байна. Хүүхдийн өвчлөл, томуу, эндэгдэл ихтэй тус аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг барьснаар энэ тал дээр дэвшил гарах юм.


ЭЕШ-ийн оноогоор Увсын төгсөгчид улсад тэргүүллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид 2018 онд улсад 2-р байр эзэлж байсан бол 2019 онд 1-р байрт шалгарч амжилт, чанарын оноогоо ахиуллаа.

 

Холбоотой мэдээ