Хятадад автомашины замын дээгүүр явдаг автобус зохион бүтээнэ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-05-25 12:01:39

БЭЭЖИН. /TASS/. Хятадын нутгийн хойд хэсэгт оршдог Хэбэй мужид автомашины замын дээгүүр явдаг автобусны загварыг турших гэж байгаа тухай “Бэйзин Цинняньбо” сонинд бичжээ.

Энгийн автобуснаас ялгаатай нь шинэ үеийн автобусыг боомтын краны ажилладаг зарчмаар зохион бүтээх аж.

Уг тээврийн хэрэгсэл нь замын хажуу талд суурилуулсан төмөр замаар явах юм. Шинэ автобусны их бие нь замын хоёр зурвасын өргөнөөс илүү өргөнтэй байх бол шал нь замаас дээш гурав метрийн өндөрт өргөгдсөн байх учраас автомашинууд уг автобусны доогуур саадгүй явах боломжтой.

“Автобус хотын гол замаар явах бөгөөд цахилгаанаар ажиллана” гэж “Бэйзин Цинняньбо” сонинд бичжээ.

Тээврийн шинэ хэрэгсэл нь энгийн автобуснаас хэмжээгээрээ ялгаатай байх ажээ. Уг автобусаар мянга хүртэлх тооны зорчигч тээвэрлэхээр зохион бүтээх бөгөөд 32 метр орчим урттай байх бөгөөд зорчигчид тусгай гишгүүрээр автобусанд суух аж.

Хэбэй мужид шинэ автобусыг 2016 оны хоёрдугаар хагаст зам дээр туршиж эхэлнэ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ