Н.Энхтайван: Коронавирусний вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах ДЭМБ-ын байр суурийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-04 14:31:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын сарын 3-4-нд цахимаар болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 27 дугаар уулзалтад оролцож байна.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 3-нд тус уулзалтын Бүгд хуралдаанд оролцож, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ терроризм, цахим гэмт хэрэг, хүний наймаатай тэмцэх, ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ЕАБХАБ-тай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах нь чухал гэлээ.


Мөн "COVID-19"-ийн эсрэг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Европын орнуудтай хамтран ажиллах, тухайлбал, эдийн засагт, нэн түрүүнд хөдөө, аж ахуй, хүнсний үйлдвэрүүдийг дэмжихийг хүслээ. Түүнчлэн халдварын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэйгээр хуваарилах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын байр суурийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлж, вакцинжуулалтын ажлыг бүх улсад тэгш хүртээмжтэйгээр нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь чахал гэдгийг тэмдэглэв.


Сайд нарын зөвлөлийн уулзалтад ЕАБХАБ-ын гишүүн 40 гаруй улс Гадаад харилцааны сайдын түвшинд оролцож байна. Уулзалтаар ЕАБХАБ-ын 2020 оны ажлыг дүгнэж, олон улс болоод бүс нутагт тулгамдаад буй улс төр, аюулгүй байдлын асуудал, тухайлбал Украины хямрал, “Уулын Карабах”-ын асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ