Шигшээ багийн тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-17 13:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний шигшээ багийн тамирчдын нэгдсэн цугларалт Олон улсын найрамдал төв болон Техник спортын төвд 2021 нэгдүгээр сарын эхнээс тасралтгүй үргэлжилж байна.


“Олон улсын Найрамдал төв”-д жүдо бөх, чөлөөт бөх, бокс, ширээний теннис, таеквондо, цана, пара жүдо, пара таеквондо, пара цанын нийт 120 гаруй тамирчин бэлтгэлээ хангаж байгаа бол “Техник спортын төв”-д байт харваа, буудлага, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик гэсэн спортын 15 төрлийн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид бэлтгэлээ базааж байна.



Үндэсний шигшээ багийн цугларалтад Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/-ийн мэргэжилтнүүд болон эмч, эмнэлгийн ажилтнууд тамирчдын ажиллах чадварыг тодорхойлох сорил шинжилгээ хийж, спортын төрөл тус бүрээр тамирчдын бие бялдрын ерөнхий хөгжил болон хүчилтөрөгчтэй болон хүчилтөрөгчгүй орчинд ажиллах чадвар зэрэг тусгайлсан ээлжит сорил шинжилгээг авч дүгнэлт, боловсруулалт хийж хяналт тавьж ажилладаг уламжлалтай.



САУЭШТ-ийн мэргэжилтнүүд энэ удаа ч бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт инновац шингэсэн багаж, тоног төхөөрөмж ашиглан Үндэсний шигшээ багийн тамирчдын бие организм, дасгалжуулалтын түвшин, бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдахад зориулсан дүгнэлт гарган, холбогдох зөвлөмж зөвлөгөөг өгч нарийн хяналт тавьж байна.





Холбоотой мэдээ