БАЯНХОНГОР: Өвөл нь бүлээн, зун нь хүйтэн байдаг рашаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-24 09:54:37

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг тал, хангай, говь хээрийн бүс хосолсон гурван бүсийн нутагтай. Тус аймагт эмчилгээний шидээр гайхагдсан рашаан ус цөөнгүй бий.


Баянхонгорын рашаануудаас хамгийн сонирхолтой нь Гурванбулаг сумын нутагт оршдог Нарийны рашаан юм. Энд жилийн дөрвөн улиралд усанд нь амьдардаг болжмор, оготно байдаг. Тэр байтугай зарим өвөл ялаа хүртэл амьд өвөлждөг онцлогтой. Яг тэр үедээ энэхүү рашаан ямар ч өвчнийг анагаах увидастай болдог хэмээн нутгийн хүмүүс ярих нь бий.


Анагаах шидээр гайхагдсан Нарийны рашаан аймгийн төвөөс 260 км зайтай, Гурванбулаг сумын төвөөс 20 орчим км зайд байдаг.


Нарийны рашаан гурван хошуунаас салаалан урсах бөгөөд толгой, чих, хамар, ходоод, нүд, шүд, бөөрний гэх мэтээр ангилан хэрэглэсээр иржээ. Энэ рашааны бас нэг гайхалтай чанар нь зун хүйтэн атлаа өвөл нь бүлээсдэг. Тодруулбал, зуны аагим халуунд тус рашааныг хүртэхэд хүйтэн таатай мэдрэмж өгөх бол өвлийн дүн хүйтэнд бүлээн сайхан байдаг аж.


Рашаантай холбоотой домог мэт яригддаг сониноос дурдахад, 1964 онд Хөвсгөл аймгийн харьяат нэгэн хэлгүй хүн рашаанаас ууж овоонд нь мөргөж байтал тушаатай морь нь дэгдээд явахад мориныхоо араас уулга алдан хашгиртал хэл орчихсон байсан гэдэг.

Холбоотой мэдээ